ОХУ-ыг дэмжигч PalachPro нэртэй хакер Украины дата төвүүдийг хакердаж, тус улсын Зэвсэгт хүчний баримт бичгүүдэд нэвтэрсэн гэж мэдэгджээ. Тэрбээр энэ талаар РИА Новости агентлагт ярилцлага өгөхдөө мэдээлсэн байна.

Түүний хэлснээр, Украины төрийн тусгай харилцаа холбооны системд нэвтэрсний дүнд тус улсын газрын зураг дээрх хэд хэдэн томоохон объект нь Украины болон барууны дата төвүүд болохыг тогтоосон байна. Тэр "Эдгээр төвүүдэд Украины Зэвсэгт хүчин болон Батлан хамгаалах яамны ашигладаг баримт бичиг, чухал мэдээлэл, программ хангамж хадгалагддаг" гэж мэдэгджээ.

Тухайлбал, Батлан хамгаалах байгууллагын баримт бичгийн эргэлтийн нөөц хуулбарын систем, цахим шуудангийн серверүүд, “Армія+” аппликейшн болон Sonata мессенжерийн системүүдийг дурдсан байна. Мөн хакер Украины DeNovo, “Парковый”, Giga, Volla, WNET, “TTK” зэрэг компаниудын далд дата төвүүдийн байршлыг тогтоосон гэж мэдэгджээ.

Тэрбээр “Дата төвүүд дээр маш удаан хугацаанд ажилласан. Тэдгээрийг төлөвлөгөөтэй, системтэйгээр судалсан. Энэ нь ихээхэн цаг хугацаа, нарийн ширийн зүйлд онцгой анхаарал шаардсан олон үе шаттай, нөр их ажил байсан” хэмээн ярьсан байна.

Түүний мэдэгдсэнээр дата төвүүдийн барилга, өрөө тасалгааны зохион байгуулалт, талбайн хэмжээ, серверийн төхөөрөмжийн тоо, хүчин чадал, хяналтын камерын загвар, хөргөлтийн болон гал унтраах системийн талаарх мэдээллийг мөн олж авсан аж.

Сүүлийн үед Украины дата төвүүд Оросын цэргийн ажиллагааны бай болж байгаа талаар РИА Новости мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлснээр, эдгээр байгууламж нь холбоо, интернэт болон Украины Зэвсэгт хүчинд тагнуулын мэдээлэлтэй холбоотой үйлчилгээ үзүүлдэг байна.

Өнгөрсөн хоёр долоо хоногт Киев хот дахь “УкрТелеком”, “ДримЛайн”, “Омега Телеком”, “Киевстар”, “Водафон”, “Датагрупп” компаниудын дата төвүүдэд цохилт өгсөн талаар мэдээлжээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI