АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иркутск мужид тахлын дэгдэлт гарч болзошгүй байгаа талаарх мэдээлэлд тайлбар хийжээ. Тэрбээр даваа гарагт буюу аравдугаар сарын 5-нд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа ОХУ ийм өвчинтэй нүүр тулсан байж болзошгүйд харамсаж буйгаа илэрхийлээд, шаардлагатай тохиолдолд нөхцөл байдлыг даван туулахад нь туслахаа амласан байна.

Трамп “Бид болж буй үйл явдлыг маш анхааралтай ажиглаж байна. Бид энэ талаар дөнгөж сая сонслоо. Тэд үүнийг уушгины хатгалгаа гэж нэрлэж байна. Урьд нь уушгины хатгалгааг эмчлэхэд илүү хялбар байсан ч нян, бичил биетүүд харьцангуй хүчтэй болсон. Гэхдээ бид тэдэнд тусална” хэмээн ОХУ-д гарсан мэдээлэлд Цагаан ордон ямар арга хэмжээ авах талаар сэтгүүлчийн асуултад хариулжээ.

Мөн өөр нэг сэтгүүлчийн асуултад хариулахдаа Дональд Трамп энэ асуудлаар ОХУ-ын төлөөлөгчидтэй холбоо бариагүйгээ хэлээд, “ийм асуудалтай тулгарсан хэнд ч бид туслахад бэлэн” гэж дахин онцолсон байна.

Иркутск мужид болсон үйл явдлын талаар ОХУ-ын эрх баригчид дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна

Иркутск мужид уушгины тахал дэгдсэн байж болзошгүй гэх мэдээлэл тус мужийн иргэн Дарья Шипилова гэнэт нас барсантай холбоотойгоор гарчээ. Талийгаач 28 настай бөгөөд Иркутскийн Тахалтай тэмцэх хүрээлэнд ажилладаг байсан аж.

Тэрбээр есдүгээр сарын сүүлээр эмнэлэгт хүргэгдэн, аравдугаар сарын 2-нд нас барсан байна. ОХУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хүний сайн сайхны хяналтын алба буюу Роспотребнадзор түүний нас баралтын шалтгааныг “шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа” гэж мэдээлжээ.

Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр, үүний дараа Иркутск мужид 200 орчим хүнийг тусгаарлалтад оруулсан байна. Гэвч тус бүс нутагт уушгины хатгалгааны батлагдсан хоёрдогч тохиолдол илэрсэн талаарх мэдээлэл гараагүй аж.

Шипилова нас барсан Шелехов хотын захиргаа аравдугаар сарын 3-нд цахим хуудсаараа дамжуулан тус хот руу зорчихгүй байхыг иргэдэд уриалсан боловч уг мэдээллээ удалгүй устгажээ.

Эрх баригчдын мэдээлэл өгөхгүй байгаа нь олон нийтийн дунд түгшүүр үүсгэж, янз бүрийн цуурхал тархахад хүрсэн байна. Үүний дотор тус хүрээлэнгийн лабораторид тахлын үүсгэгчтэй туршилтын шил хагарсан гэх таамаг ч гарчээ.

Аравдугаар сарын 5-нд хэвлэл мэдээллийнхэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковоос Москва хотын эрх баригчид Иркутскийн мужид болж буй үйл явдлыг анхаарч байгаа эсэхийг тодруулахад тэрбээр Роспотребнадзор нь энэ асуудлыг хариуцсан эрх бүхий байгууллага гэдгийг онцолж, тус байгууллагын албан ёсны мэдээллийг дагахыг уриалсан байна.

ОХУ-тай хиллэдэг зарим улс тахлын мэдээлэлтэй холбоотойгоор хилийн хяналтаа чангатгажээ

ОХУ-ын Сибирийн бүс нутгуудтай хиллэдэг дор хаяж гурван улс тахлын талаарх мэдээлэлтэй холбоотойгоор хил дээрээ урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэмэгдүүлсэн байна.

Казахстан, Киргизстан улс ариун цэвэр, хорио цээрийн хяналтаа чангатгасан бол Узбекистан улс халдварт өвчин хилээрээ нэвтрэхээс урьдчилан сэргийлэх байгууллагуудаа өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлжээ.

Азербайжаны Эрүүл мэндийн яам ОХУ-аас гарсан мэдээллийг анхааралдаа авч байгаа боловч гаалийн хяналтыг чангатгах шаардлагагүй гэж үзэж байгаагаа мэдэгдсэн байна.

Харин газарзүйн хувьд Иркутскийн мужтай хамгийн ойр орших улс нь Монгол Улс юм. Монгол Улс өмнө нь ч энэ бүс нутагт тархах боломжтой өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ОХУ-тай хамтран ажиллаж ирсэн. Учир нь тус бүс нутагт өмнө нь тахлын үүсгэгч илэрч байсан байна.

Эх сурвалж: DW