АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Flydubai компанийн нислэгтэй холбоотой гарсан хэрэгт Иран улс оролцсон гэж үзэж байгаагаа мэдэгджээ. Тэрбээр аравдугаар сарын 5-нд Цагаан ордонд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, “Тийм ээ, би тэгж үзэж байна. Хувьдаа бол тийм” хэмээн хэлсэн байна.

Сэтгүүлчид түүнээс Дубайгаас Тель-Авив чиглэлд нисэж байсан тус компанийн нислэгт гарсан явдалд Иран оролцсон гэж үзэж байгаа эсэхийг асуужээ.

Гэвч үүнээс өмнө мөн өдөр АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс ижил төстэй асуултад хариулахдаа, “Одоогоор үүнийг батлахуйц тодорхой зүйл олж хараагүй” хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр энэ асуудлаарх эцсийн дүгнэлтийг АНУ-ын тагнуулын байгууллагууд гаргах ёстой гэж үзэж буйгаа мөн хэлжээ.

Фэрфорд дахь B-1 бөмбөгдөгч онгоцнуудын асуудлаар

Үүнээс гадна Трамп Их Британи дахь Фэрфорд агаарын цэргийн баазаас АНУ-ын B-1 стратегийн бөмбөгдөгч онгоцуудыг бүгдийг нь гаргаж, АНУ руу буцаахад хүргэсэн аюул занал яг хэнээс ирснийг Вашингтон мэдэж байгаа гэж мэдэгдсэн байна.

Трамп “Бид үнэндээ энэ аюулыг бий болгосон хүмүүс хэн болохыг мэдэж байгаа. Тэд өөрсдөдөө маш том асуудал тарьсан” хэмээн онцолжээ.

Сэтгүүлчид түүнээс Иран эдгээр бөмбөгдөгч онгоц руу довтлох зорилгоор Их Британийн нутаг дэвсгэрт дрон байршуулсан байж болох эсэхийг тодруулахад Трамп үүнд тодорхой хариулт өгөхөөс татгалзсан байна. Тэрбээр “Би энэ талаар та бүхэнд хэлж чадахгүй. Гэхдээ хэрэв тэд үнэхээр тэгсэн бол маш хүндээр хохирно” гэж хэлжээ.

Үүний зэрэгцээ Трамп ерөнхийдөө Их Британийг АНУ-ын цэргийн хүчийг байрлуулахад аюулгүй газар гэж үздэгээ нэмж мэдэгдсэн байна.

Flydubai-ийн нислэгт яг юу болсон бэ?

Есдүгээр сарын 30-нд Дубайгаас Тель-Авив руу нисэж байсан Flydubai-ийн онгоц аюулгүй байдлын шинжтэй хэрэг гарсны улмаас Саудын Арабын Табук хотын нисэх онгоцны буудалд яаралтай газардсан байна.

Аравдугаар сарын 1-нд Саудын Арабын Дотоод хэргийн яам уг явдлын шалтгааныг тодруулж, хоёрдугаар нисгэгч онгоцны ахмад руу халдсан болохыг баталжээ. Үүний улмаас хоёр нисгэгч хоёулаа гэмтсэн байна.

Тус яамны мэдээлснээр, хоёр нисгэгчийн биеийн байдал сайжирсны дараа тэднийг Эмиратын аюулгүй байдлын албан хаагчдын дагалдан явах хамгаалалттайгаар Абу-Даби руу нисгэжээ. Харин онгоцны бусад багийн зургаан гишүүн өмнө нь ямар нэгэн асуудалгүйгээр Дубай руу буцаж очсон аж.

Одоогийн байдлаар АНЭУ-ын эрх баригчид уг хэргийн шалтгааныг үргэлжлүүлэн шалгаж, үүнд нислэгийн аюулгүй байдлын арга хэмжээ хангалттай байсан эсэхийг мөн шалгаж байгаа аж.

Фэрфорд дахь хэрэг

Есдүгээр сарын 27-нд Лондон хотын оршин суугч, 23-25 насны таван хүнийг Английн баруун хэсэгт орших Глостершир мужийн Фэрфорд агаарын баазын ойролцоо газраас саатуулсан байна.

Эхэндээ тэднийг тэсрэх бодистой холбоотой хууль болон терроризмтой тэмцэх хууль зөрчсөн байж болзошгүй гэж сэжиглэж байжээ. Дараагийн өдөр буюу есдүгээр сарын 28-нд тэднийг барьцаагаар сулласан байна.

Хожим нь цагдаагийн байгууллага тэдний унаж явсан фургон машинаас ямар нэгэн тэсрэх бодис илрээгүй гэж мэдэгджээ.

Аравдугаар сарын 4-нд АНУ-ын Батлан хамгаалах яам Фэрфорд дахь баазад байрлаж байсан B-1 стратегийн бөмбөгдөгч онгоцуудыг бүгдийг нь АНУ руу буцаасныг баталсан байна.

Эх сурвалж: TASS