ОХУ-ын зэвсэгт хүчин аравдугаар сарын 5-нд шилжих шөнө Украины Одесса мужид дахин өргөн хүрээг хамарсан цохилт өгчээ. Үүний улмаас аж үйлдвэр болон боомтын дэд бүтэц өртөж, хэд хэдэн газарт гал гарсан байна.
Одесса мужийн захиргааны дарга Олег Киперийн мэдээлснээр, цохилтын дараа үүссэн их хэмжээний утаатай холбоотойгоор Онцгой байдлын албаны цацраг, хими, биологийн хамгаалалтын мэргэжилтнүүд тухайн бүсэд хэмжилт хийжээ. Шалгалтаар хүний эрүүл мэндэд аюултай бодис илрээгүй байна.
Мөн Одесса мужийн өөр нэг хэсэгт зуслангийн сууц бүхий бүсэд цохилт өгсний улмаас хувийн байшингууд шатжээ. Гал түймрийг унтраах ажиллагаанд 90 гаруй гал сөнөөгч оролцсон байна.
Аврагчид өндөр температур, агаарын довтолгооноос сэрэмжлүүлэх дохио байнга дуугарч байсан зэрэг хүндрэлтэй нөхцөлд ажилласан ч гарсан түймрүүдийг бүрэн унтраажээ. Одоогийн байдлаар Одесса мужид цохилтын улмаас хүний амь нас хохирсон, шархадсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа аж.
Хуурай ачааны хөлөг онгоцууд руу цохилт өгсөн гэж мэдээлэв
ОХУ-ын Батлан хамгаалах яам аравдугаар сарын 5-нд мэдэгдсэнээр, тус улсын зэвсэгт хүчин шөнө Хар тэнгист Украины хоёр хуурай ачааны хөлөг онгоцод цохилт өгчээ.
Оросын талын мэдээлснээр, Черноморск боомт дахь Украины Зэвсэгт хүчнийг хангахад ашиглагдаж байсан түлшний агуулахууд болон цэргийн зориулалттай тоног төхөөрөмж тээвэрлэж явсан хуурай ачааны хөлөг онгоц өртсөн байна.
Мөн Одесса хотын өмнөд хэсэгт цэргийн зориулалттай ачаа тээвэрлэж явсан өөр нэг хуурай ачааны хөлөг онгоцод халдсан гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлжээ. Түүнчлэн Харьков муж дахь “Кочеток” дэд станцад цохилт өгсөн гэж тус яамнаас мэдээлсэн байна.
Харьков хотод нэг хүн амиа алджээ
Үүний зэрэгцээ Харьков хотын дарга Игорь Тереховын мэдээлснээр, ОХУ-ын реактив дроны халдлагын улмаас тус хотын аж үйлдвэрийн дүүрэгт нэг хүн амиа алдаж, найман хүн шархаджээ.
Түүний хэлснээр, гурван дрон орон сууцны барилгуудын ойролцоо цохилт өгсний улмаас хүмүүс гэмтсэн байна. Мөн таван орон сууцны барилгын цонх хагарч, дээвэр нь эвдэрчээ.
Эх сурвалж: DW