Германы Канцлер Фридрих Мерц ням гарагт "Герман улс Украинд үзүүлж буй дэмжлэгээ зогсоохоор сүрдүүлэг, дарамтад автахгүй" гэж мэдэгджээ. Тэрбээр Киевт хийсэн айлчлалынхаа үеэр Украинд нэмэлт 1 тэрбум евро буюу 1.1 тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлэхээ зарласан байна. Мерцийн айлчлал ОХУ-ын дроны халдлага үргэлжилж байсан үед болжээ.
Мерц болон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дөрвөн жил үргэлжилж буй дайнд амь үрэгдсэн Украины цэргүүдийн дурсгалыг хүндэтгэхээр очих үеэр Киев хот даяар агаарын довтолгооноос сэрэмжлүүлэх дохио дуугарч, дэлбэрэлтийн чимээ удаа дараа сонсогдсон байна.
Тэд мөн өнгөрсөн долоо хоногт дроны халдлагад өртөж, хоёр хүн амиа алдсан Шинжлэх ухааны академид очжээ.
Сүүлийн хэдэн долоо хоногт Орос улс Киев болон Украины бусад хотод дроны халдлагаа эрчимжүүлж, харилцаа холбоо, цахилгаан эрчим хүч, тээврийн дэд бүтэц болон цэргийн объектуудыг онилсоор буй аж.
Зеленскийтэй хамтран хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Мерц "Москва Украины ард түмний сэтгэл санааг мохоохыг зорьж байна" гэж мэдэгдээд, эрчим хүчний салбарын эвдэрсэн дэд бүтцийг сэргээн засварлахад 350 сая евро олгохоор болсноо зарлажээ. Тэрбээр Герман улс Украины хамгийн хүчтэй дэмжигч хэвээр байгааг онцолсон байна.
Германы компаниудтай 6.6 тэрбум еврогийн гэрээ байгуулжээ
Мерц “Бид үүнийг зөвхөн Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын төлөө хийгээгүй. Энэ нь Европын аюулгүй байдалтай шууд холбоотой учраас бид өөрсдийн ашиг сонирхлын үүднээс ч хийж байна” хэмээн мэдэгджээ.
Тэрбээр мөн Орос улс Европын ардчиллын тогтолцоонд заналхийлсэн кибер халдлага болон худал мэдээлэл түгээх ажиллагаа явуулж буй талаар дурдсан байна. Мерц “Энэ нь биднийг сүрдүүлж, айлгаж чадахгүй гэдгийг харуулж байна” гэж хэлжээ.
Харин Орос улс “эрлийз дайн” явуулж байна гэх мэдэгдлийг үндэслэлгүй хэмээн няцааж, үүнийг Оросын эсрэг хэт хөөрөгдсөн үзэл суртлын илрэл гэж үзэж байгаагаа мэдэгдсээр ирсэн.
Германы албаныхан "Мерцтэй хамт Киевт очсон Германы компаниудын удирдлагууд Украины засгийн газар болон тус улсын компаниудтай нийт 6.6 тэрбум орчим еврогийн 14 гэрээ байгуулсан" гэж мэдээлжээ.
Эдгээр гэрээний хүрээнд Украин улс Германы Diehl Defence компанитай IRIS-T агаарын довтолгооноос хамгаалах пуужин нийлүүлэх, Hensoldt компанитай радарын төхөөрөмж нийлүүлэх, Quantum Systems компанитай тийрэлтэт хөдөлгүүрт дрон сөнөөгч нийлүүлэх гэрээ байгуулсан байна.
Зеленский “Энэ айлчлалын чухал ач холбогдол нь Герман улс зөвхөн Украинд тусламж үзүүлээд зогсохгүй Украин улс өөрийн мэдлэг, туршлага болон захиалгаа хуваалцаж байгаад оршино. Энэ нь Германд ажлын байр бий болгоно” хэмээн онцолжээ.
Тэрбээр Quantum Systems компанийн бүтээсэн SPYS нэртэй тийрэлтэт хөдөлгүүрт дрон сөнөөгчийн туршилтын үр дүнг сайшаасан байна.
Зеленский мөн Украин, Герман хоёр батлан хамгаалахын салбарын өргөн хүрээтэй гэрээг эцэслэн байгуулахад ойртсон гэж мэдэгдэв. Түүний өмнө нь хэлснээр уг гэрээнд дрон, пуужин болон тэдгээртэй холбоотой программ хангамжийг үйлдвэрлэх асуудал багтах аж.
Зеленский Оросын халдлагад хариу өгнө гэв
Зунаас хойш Орос улс Украины иргэний болон цэргийн дэд бүтцэд өдөр бүр олон тооны өндөр хурдтай, тийрэлтэт хөдөлгүүртэй довтлох дрон ашиглан халдлага үйлдэх болсон байна. Эдгээр дрон нь өмнө ашиглаж байсан сэнст хөдөлгүүртэй хувилбаруудаас хамаагүй хурдан тул Украины тал тэдгээрийг устгахад хүндрэлтэй байгаа аж.
Киев хотын дарга Виталий Кличко Telegram хуудсаараа ням гарагт "Оросын халдлагад Днипро мөрөн дээгүүрх Умард гүүр өртөж, замын хэсгийг нь гэмтээсэн" гэж мэдээлжээ. Дэлбэрэлтийн улмаас хоёр хүн шархадсан бөгөөд тухайн бүс нутгийн халуун усны хангамжийн систем мөн гэмтсэн байна.
Зеленский Орос улс дэд бүтцийн объектуудын эсрэг агаарын цохилтоо эрчимжүүлсэн нь байлдааны талбарт гаргасан бүтэлгүйтлүүдтэй нь холбоотой гэж үзэж буйгаа хэлээд, Украины тал хариу цохилт өгөхийг анхааруулжээ.
Түүний хэлснээр, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины томоохон хотуудын оршин суугчдыг дүрвэхэд хүргэхийг зорьж байгаа аж.
Зеленский сэтгүүлчдэд “Хэрэв манай гүүрүүд нурвал бид энэ нөхцөл байдлаас гарах арга зам олно. Гэхдээ түүний ард түмэн ч мөн үүний үр дагаврыг мэдэрнэ... Энэ бол дайныг хамгийн дээд хэмжээнд хурцатгаж буй хэрэг” гэж хэлжээ.
Орос улс өнгөрсөн долоо хоногоос Киев хотын гүүрүүдэд халдаж эхэлсэн бөгөөд нийслэлийн хоёр хэсгийн хоорондын холбоо болон Украины төв болон зүүн бүсийг холбосон логистикийн замуудыг тасалдуулахыг зорьж байна гэж мэдээлсэн байна.
Мерц “утга учиргүй дайн”-ыг зогсоохыг уриалав
Зеленский АНУ-ын энх тайвны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Стив Виткофф түүнд захидал илгээж, гурван талт хэлэлцээг аль болох хурдан сэргээхийг уриалсан гэж мэдэгджээ.
Тэрбээр Украин улс энэ сард хэлэлцээ хийхэд бэлэн байгаа бөгөөд Оросыг мөн оролцоно гэж найдаж буйгаа хэлсэн байна. Зеленский "Дайныг зогсоохын тулд барууны холбоотнууд Москвагийн эсрэг илүү их дарамт шахалт үзүүлэх шаардлагатай" гэж үзэж байгаа аж.
Мерц айлчлалынхаа үеэр, ихээхэн эвдэрч сүйдсэн Шинжлэх ухааны академид очихдоо ОХУ-ын Ерөнхийлөгч Владимира Путинд хандан “энэ утга учиргүй дайныг зогсоох”-ыг уриалсан байна.
Германы Канцлер “Бид хэлэлцээ хийхэд бэлэн, энэ дайныг хэрхэн дуусгах талаар ярилцахад бэлэн байна. Гэхдээ Украины энгийн иргэдийн эсрэг үйлдэж буй эдгээр харгис халдлага зогсох ёстой” гэж хэлжээ.
ОХУ-ын Гадаад хэргийн яам бямба гарагт мэдэгдэл хийхдээ, Украин Оросын нутаг дэвсгэрт халдлага үйлдсэнтэй холбогдуулан хариу цохилт өгч буй бөгөөд цаашид ч Украин дахь байд системтэйгээр цохилт өгөх ажиллагаагаа үргэлжлүүлэхээ мэдэгдсэн байна.
Мөн Москва Украинд зорчихоос зайлсхийхийг гадаадын иргэд болон дипломат ажилтнуудад анхааруулжээ.
Эх сурвалж: REUTERS