Марокко улсын Агадир хотод зохион байгуулагдсан “Rallye OLA Energy du Maroc 2026” уралдаан өндөрлөж, Монголын мото спортын тамирчин, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн Ралли-рейдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (W2RC)-ийн Rally3 ангиллын дэлхийн цомын аварга болов.

Монголын раллигийн долоон удаагийн аварга тэрбээр Монгол Улсаас тус тэмцээнд дэлхийн цомын аварга болсон анхны тамирчин болсон байна. 

Ралли-рейд нь цөл, элсэн манхан, чулуурхаг болон бартаат замд олон өдрийн турш үргэлжилдэг, тамирчдаас хурд, тэсвэр хатуужил, навигацын өндөр ур чадвар шаарддаг мото спортын төрөл. Тэмцээний үеэр оролцогчид газрын зураг болон тусгай навигацын төхөөрөмж ашиглан замаа тодорхойлж, хяналтын цэгүүдэд хүрдэг онцлогтой.

П.Мөрөн 2026 оны “Дакар Ралли”-д амжилттай оролцсоныхоо дараа Ралли-рейдийн дэлхийн аваргын тэмцээний гурван гараанд өрсөлджээ. Тэрбээр BP Rally Portugal уралдаанаас хүрэл медаль, Desafío Ruta 40 тэмцээний хоёрдугаар гараанаас алтан медаль хүртсэн бол Rally du Maroc уралдаанд мөнгөн медаль хүртсэн байна.

Ийнхүү гурван гарааны нийлбэрээр 61 оноо цуглуулж, 2026 оны Ралли-рейдийн дэлхийн аваргын тэмцээний Rally3 ангилалд дэлхийн цомын аваргаар тодорчээ.

Тэрбээр энэхүү түүхэн амжилтынхаа талаар цахим хуудсаараа дамжуулан “Энэ бол зөвхөн миний хувийн амжилт биш. Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд гаргаж, Монголын мото спортын түүхэнд шинэ хуудас нээсэн амжилт гэж бодож байна. Энэ амжилт энд хүрээд дуусах биш, харин дараагийн монгол тамирчдад хүрэх гүүр болох юм.

Цаашдаа Монголын олон залуус Rally3, Rally2, GP зэрэг дэлхийн дээд түвшний ангилалд өрсөлдөн, медаль, цом хүртэх замыг нь нээж өгөхийг хүсэж байна. Өнөөдөр би анхны алхмыг хийлээ. Маргааш Монголын олон тамирчин дэлхийн тавцанд зогсоно гэдэгт итгэж байна.

Монголын нэрийг дэлхийд дуурсгахын төлөө хамтдаа урагшаа. Тусалж, дэмжсэн бүх албан байгууллага, хувь хүмүүс, гэр бүл, найз нөхөддөө маш их баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.