ОХУ-ын Батлан хамгаалах яам аравдугаар сарын 4-ний ням гарагт "ОХУ-ын Зэвсэгт хүчин Киев болон Украины бусад бүс нутаг дахь цэргийн болон цэрэг-аж үйлдвэрийн объектууд, түүнчлэн тэдгээртэй холбоотой дэд бүтцэд өгөх цохилтоо нэмэгдүүлнэ" гэж Telegram хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Оросын тал үүнийг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн мэдэгдлийн хариу гэж тайлбарласан байна. Зеленский аравдугаар сарын 3-нд ОХУ агаарын цохилтын шинэ стратеги хэрэгжүүлж, украинчуудыг Киев болон бусад томоохон хотуудаас гаргахад хүргэхийг зорьж байна хэмээн мэдэгдээд, үүний хариуд Украин ОХУ-ын нефть боловсруулах үйлдвэрүүдэд хийх халдлагаа эрчимжүүлнэ гэж мэдэгдсэн.
ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэлдээ “Зеленскийгийн мэдэгдлийг бид сонслоо” хэмээн дурджээ.
Зеленский: Мөргөлдөөнийг хурцатгах ийм харгис хүсэлд гайхаж байна
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мөн аравдугаар сарын 3-нд Telegram хуудастаа “Оросын талаас хурцадмал байдлыг нэмэгдүүлж байна” гэж бичжээ.
Тэрбээр “ОХУ Украины эсрэг ийм их үзэн ядалттай байгаад гайхахгүй байна. Харин ийм арга барил сонгож байгаад нь гайхаж байна” хэмээн мэдэгдээд, Оросын тал “Новая почта”, “Укрпочта” зэрэг агуулах, ложистикийн объектуудад цохилт өгсөн бөгөөд Украин үүнд хариу өгсөн гэжээ.
Зеленский мөн “Одоо тэд гүүрнүүдэд цохилт өгч байна. Бид хариу өгөхгүй гэж үнэхээр бодож байна уу? Дата төвүүдэд цохилт өгч байна. Энэ бүхэн хүмүүст шууд хамаатай. Дата төв, үүрэн холбооны сүлжээнд хэрхэн цохилт өгч болох вэ?” хэмээн асуужээ.
Тэрбээр үүрэн холбоо, дата төвүүдийг зөвхөн Украинд төдийгүй Москвад ч ашигладаг болохыг онцлоод, “Мөргөлдөөнийг өдөр бүр ийм хэрцгийгээр хурцатгах хүсэлтэй байгаад нь үнэхээр гайхаж байна” гэж нэмж хэлсэн байна.
Мерц Путинд хандан цохилтоо зогсоохыг уриалав
Үүнээс өмнө Германы Канцлер Фридрих Мерц Киевт айлчлах үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хандан Украины иргэний дэд бүтцэд өгөх цохилтоо зогсоохыг уриалжээ.
Тэрбээр аравдугаар сарын 4-нд “Бид хэлэлцээ хийхэд бэлэн, энэ дайныг дуусгах талаар ярилцахад бэлэн. Гэхдээ Украины энгийн иргэдийн эсрэг хийж буй энэ харгис халдлагууд зогсох ёстой” гэж мэдэгдсэн байна.
Мерцийн Киевт хийсэн айлчлал агаарын түгшүүрийн дохио үргэлжилж байсан нөхцөлд болжээ. Тэрбээр аравдугаар сарын 4-ний өглөө урьдчилан зарлаагүй айлчлал хийхээр галт тэргээр Украины нийслэлд хүрэлцэн ирсэн байна.
Түүний айлчлалаас хойш удалгүй Оросын тал Киев дэх Днепр мөрөн дээгүүрх Хойд гүүрэнд дахин цохилт өгчээ.
Эх сурвалж: DW