Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ иргэний дэд бүтцэд чиглэсэн агаарын цохилтын шинэ стратеги хэрэгжүүлж байгаа тул үүний хариуд Оросын нефть боловсруулах үйлдвэрүүдэд өгөх цохилтоо нэмэгдүүлнэ гэж мэдэгджээ.

Түүний хэлснээр, Москва өвлийн улирал эхлэхээс өмнө цохилтын байныхаа хүрээг улам өргөжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "Украин улс ОХУ-ын агаарын цохилтын шинэ стратегийн хариуд тус улсын нефть боловсруулах үйлдвэрүүдийг чиглэсэн халдлагаа эрчимжүүлнэ" гэж мэдэгджээ.

Тэрбээр ОХУ-ын цохилтын зорилго нь украинчуудыг Киев болон бусад томоохон хотуудаас дүрвэн гарахад хүргэх явдал гэж үзэж байгаагаа Reuters агентлагт өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Уг ярилцлага аравдугаар сарын 3-нд нийтлэгджээ.

ОХУ Украины цэргийн бус объектуудын эсрэг цохилтын хүрээг өргөжүүлэхээр төлөвлөж байна гэжээ

Украины Ерөнхийлөгч өмнө нь хэвлэлүүдэд гарсан, Киев Оросын талаарх цохилтын төлөвлөгөөтэй холбоотой баримт бичгүүдийг олж авсан гэх мэдээллийг баталжээ.

Зеленскийн хэлснээр, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины цэргийн бус объектуудын илүү өргөн хүрээг хамруулсан “шинэ цохилтын доктри”-г баталсан байна.

Түүний мэдэгдсэнээр, Украины эрх баригчдын олж авсан баримт бичгүүдэд ОХУ дэд бүтэц, ложистикийн байгууламж, авто зам, сургууль, эмнэлгүүдэд халдах төлөвлөгөө боловсруулж байгаа нь тусгагдсан аж.

Зеленскийн үзэж буйгаар, Оросын цэргүүд фронтын гол бүсүүдийн нэгэнд амжилт гаргаж чадахгүй байгаа, мөн Оросын талаас гарч буй хохирол нэмэгдэж буй энэ үед Путин хүч чадлаа харуулахыг зорьж байгаа аж.

Украин иргэний объектуудыг онилохгүй

Зеленский "Оросын цохилт эрчимжиж байгаа ч Украин улс үүний хариуд ижил хэлбэрийн, ялгаваргүй цохилт өгөхгүй гэж амласан байна.

Тэрбээр “Бидэнд байгаа бүх боломжит аргаар хариу өгөх ёстой. Тэд манай эрчим хүчний салбарыг цохиж байгаа бол бид тэдний эрчим хүчний салбарт цохилт өгөх ёстой.

Юуны өмнө тэдэнд энэ дайныг санхүүжүүлэх мөнгө авчирдаг нефть боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгөх хэрэгтэй. Гэхдээ бид мэдээж тэдэн шиг иргэний ямар нэгэн объект руу цохилт өгөхгүй" гэж хэлжээ.

Мөн Зеленский Оросын талаас энхийн хэлэлцээ хийх сонирхолтой байгаа, эсвэл эрчим хүчний дэд бүтцэд хийх цохилтоо зогсоох хүсэлтэй байгаа тухай ямар нэгэн дохио аваагүйгээ мэдэгдсэн байна.

ОХУ Киевийн эсрэг цохилтоо эрчимжүүлжээ

Сүүлийн долоо хоногт Киев хот ОХУ-ын нисгэгчгүй онгоц болон пуужин ашигласан удаан үргэлжилсэн цуврал халдлагад өртөөд буй.

Цохилтын бай болсон объектуудын дунд эрчим хүч, холбооны байгууламжууд, авто болон төмөр замын дэд бүтэц багтсан талаар DW мэдээлжээ.

Түүнчлэн ОХУ анх удаа Киев хотын баруун болон зүүн эргийг холбосон Днепр мөрний гүүрүүдэд цохилт өгсөн байна.

Киевийн эсрэг халдлага эрчимжсэний дараа барууны орнуудын зарим Элчин сайдын яамыг Украины баруун хэсэг, мөн Польш руу түр шилжүүлэх төлөвлөсөн тухай мэдээллүүд ч гарчээ.

Эх сурвалж: DW