Өнгөрч буй долоо хоног анхаарал татсан олон үйл явдлаар дүүрэн өнгөрлөө. Гадаад бодлогын хамгийн том үйл явдал Ерөнхий сайд Ням-Осорын Учралын есдүгээр сарын 27-ноос 30-нд Япон Улсад хийсэн албан ёсны айлчлал байв.
Энэ нь Ерөнхий сайдын гадаад улсад хийсэн анхны албан ёсны айлчлал бөгөөд Японы Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар хэрэгжсэн билээ.
Токио хотноос есдүгээр сарын 29-нд Н.Учрал, С.Такаичи нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцжээ.
Японы Гадаад хэргийн яамны мэдээллээр, уулзалт ойролцоогоор 35 минут үргэлжилж, дараа нь 60 минутын ажлын зоог зохион байгуулсан байна.
Хоёр талын ярианы гол сэдэв:
- “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг гүнзгийрүүлэх
- Монголын эдийн засгийн хөгжил, тэсвэрлэх чадварыг дэмжих
- Худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх
- Технологи, инноваци, ногоон хөгжил
- Хүний хөгжил, боловсрол, спорт
- Японы хөгжлийн тусламж, ЖАЙКА-гийн хамтын ажиллагаа
- Бүс нутгийн болон олон улсын асуудлаар байр сууриа солилцох зэрэг байв.
Японы тал Монголыг “чухал гуравдагч хөрш” гэж тодорхойлон, Монголын бие даасан шийдвэр гаргах чадавх, тэсвэрлэх чадварыг дэмжих байр сууриа илэрхийлсэн.
Монголын тал 2022 оны хоёр улсын хамтарсан мэдэгдлийг тууштай хэрэгжүүлэхээ илэрхийлжээ.
Эдийн засгийн хувьд
Айлчлал зөвхөн улс төрийн түвшнээр хязгаарлагдсангүй. Ерөнхий сайд Японы парламентын хоёр танхимын удирдлага, ЖАЙКА, Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (ЖЕТРО), Япон-Монголын эдийн засгийн байгууллагууд болон бизнесийн төлөөлөлтэй уулзав.
Ялангуяа Монголын экспортын нэр төрлийг нэмэгдүүлэх, худалдааны эргэлтийг өсгөх асуудлыг онцолжээ.
Мөн ЖАЙКА-тай уулзах үеэр Улаанбаатар хотод газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулах асуудлаар Японы дэмжлэг авах боломж яригдсан нь шатахууны хомсдолтой давхцаж буйгаараа анхаарал татаж байна.
Шатахууны хомсдол, иргэдийн бухимдал, улс төрийн "өдөөн хатгалга"
Өнгөрч буй долоо хоногт олныг бухимдуулж талцуулсан нэг үйл явдал өрнөв. Унхиагүй засгийн газрын бодлогогүй шийдвэрийн золиос болсоор иргэд туйлдаж буйгаа ам уралдуулан илэрхийллээ.
Аливаа асуудал хоёр талтай. Иргэдийн дийлэнх "Төр засаг 3-хан сая иргэнээ яаж ч амьдруулаад байгаа юм бэ, гайхмаар бөгөөд даажинтай" хэмээн шогширцгоов.
Нөгөө талаас зарим иргэдэд уур унтуугаа урдаа тавихаас илүүтэй өөрт оногдсон ажлаа чин сэтгэлээсээ залхууралгүй хийж, улс эх орноо өөд татах сэтгэл дутаж байгааг ажиглагчид онцолно лээ.
Аравдугаар сарын 1-нд иргэд Сүхбаатарын талбай орчимд автомашинтайгаа цуглаж, шатахууны хүртээмж, үнэ болон өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой шаардлага тавьсан. Зарим үед төв замын хөдөлгөөнд саад учирч, цагдаагийн байгууллага хөдөлгөөнийг зохицуулах хүндхэн сорилттой тулгарав.
Иргэдийн бухимдал зөвхөн бензиний үнээр хязгаарлагдсангүй, амьжиргааны өртөг нэмэгдэж байгаа асуудалтай холбоотой байсан ч түүнийг овжноор ашигласан нөхдийн улс төржүүлсэн увайгүй үйлдэл ч ил харагдаж байв.
Урагшгүй засаг ноёд
"Ниргэсэн хойно нь хашгирав". Бухимдсан иргэд аргаа барахдаа зам хааж эсэргүүцлээ илэрхийлж буйгаа дуулгасан. Уг нь шатахууны асуудлаар шуурхай штаб ажиллаж байгаа боловч бодит байдал огт дээрдсэнгүй. салбарын сайд болон холбогдох байгууллагууд хэзээ хойно гал намжаах зорилгоор гэлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзсан болов.
Засгийн газар урт хугацаанд нийлүүлэлтийн эрсдэлийг бууруулахын тулд аж ахуйн нэгжүүдтэй хамтран 150 мянган м³ багтаамжтай шатахууны нөөц хадгалах хүчин чадал бий болгох ажлыг эрчимжүүлж буйгаа мэдээлсэн.
Энэ нь богино хугацаанд үнэ, нийлүүлэлтийн асуудлыг шийдэхээс гадна Монгол Улс шатахууны гадаад хангамжийн доголдолд хэр тэсвэртэй вэ гэсэн илүү том асуудлыг гаргаж ирж байна.
“Херо” Б.Баатарыг "далд хийх" ажиллагаа
Энэ долоо хоногийн анхаарал татсан асуудлын нэг нь найруулагч, “Херо” Б.Баатарт холбогдох эрүүгийн хэрэг тойрсон асуудал байлаа.
Прокурорын байгууллагаас түүнийг залилах болон мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй талаар мэдээлсэн.
Б.Баатар уг хязгаарлалтыг эс зөвшөөрч гомдол гаргасан боловч шүүх хилийн хоригийг хэвээр үлдээжээ. Ямартай ч ажиглагчдын дүгнэлтээр, түүнийг "далд хийх" ажиллагаа ахицтай байгаа бололтой.
С.МАНДАХ