Дэвид Бекхэм албан ёсоор тэрбумтнуудын эгнээнд нэгдэж, Их Британийн түүхэн дэх анхны тэрбумтан тамирчин боллоо.

Sunday Times-ын хамгийн сүүлийн үеийн баячуудын жагсаалтад дурдсанаар, Бекхэм болон түүний эхнэр Виктория Бекхэм нарын хамтын хөрөнгө 1.185 тэрбум фунт стерлингэд хүрчээ. Энэ нь ойролцоогоор 1.45 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээ юм.

Хосууд ердөө нэг жилийн дотор хөрөнгөө бараг хоёр дахин өсгөж, 500 сая фунтээс нэг тэрбумын босго давсан үзүүлэлтэд хүрсэн байна.

Бекхэм хэрхэн тэрбумтан болов?

Бекхэмийн алдар нэр хөлбөмбөгийн талбай дээр бий болсон. Тэрбээр Манчестер Юнайтед, Реал Мадрид, LA Galaxy, AC Milan, Paris Saint-Germain зэрэг дэлхийн алдартай багуудад тоглож байсан. Гэхдээ түүний хамгийн том амжилт зодог тайлсны дараа, АНУ-ын Флорида мужид эхэлжээ.

Түүний хөрөнгийн өсөлтийн хамгийн том эх үүсвэр бол 2018 онд MLS-ийн Интер Майами багийг эзэмшигчдийн нэг болсон явдал байв. Ялангуяа Лионель Мессиг Интер Майамид авчирсан нь клубын үнэ цэнийг огцом өсгөжээ.

Мессигийн нөлөөгөөр Интер Майами богино хугацаанд өндөр ашигтай спортын бизнес болж хувирчээ. Дэлхийн өнцөг булан бүрээс хөгжөөн дэмжигчид Мессиг даган, АНУ руу анхаарлаа хандуулж эхэлсэн бөгөөд Бекхэм түүнийг дахин хоёр жилээр гэрээ сунгахад хүртэл нөлөөлж чаджээ.

Үл хөдлөх хөрөнгө ба бизнесийн ашиг

Бекхэмийн хөрөнгийг өсгөсөн өөр нэг том хүчин зүйл нь Интер Майамигийн шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо хэрэгжиж буй 370 сая фунтийн үл хөдлөх хөрөнгийн төсөл аж. Miami International Airport-ын ойролцоо байрлах 26,700 хүний суудалтай шинэ цэнгэлдэхийн эргэн тойронд оффис, дэлгүүр, орон сууц, ресторан бүхий томоохон цогцолбор байгуулагдаж байгаа аж.

Зөвхөн Дэвид Бекхэм гэр бүлийн орлогыг бүрдүүлээгүй байна. Түүний эхнэр Виктория Бекхэмийн тансаг зэрэглэлийн хувцас, гоо сайхны брэндийн орлого 100 сая фунт давжээ.

Бекхэмийн бусад орлого

Бекхэм мөн Adidas зэрэг томоохон брэндүүдтэй насан туршийн гэрээтэй. Түүнчлэн IM8 нэртэй эрүүл мэнд, нэмэлт бүтээгдэхүүний брэнд, Studio 99 продакшн компани зэрэг бизнесүүд нь түүний орлогыг улам өсгөж байгаа аж. Studio 99 нь Netflix-ийн алдарт баримтат кино хүртэл бүтээсэн билээ.

Их Британийн спортын хамгийн баян эрхмүүд

Энэ амжилтаар Бекхэмийн гэр бүл Их Британийн спортын хамгийн баян хүмүүсийн жагсаалтын хоёрдугаарт бичигджээ. Тэдний өмнө зөвхөн Формула-1-ийн экс босс Берни Экклстоун болон түүний гэр бүл 2 тэрбум фунтийн хөрөнгөөр бичигдэж буй аж.

Бусад алдартай тамирчдын хөрөнгө:

Льюис Хэмилтон - 435 сая фунт
Рори Макилрой - 325 сая фунт
Энтони Жошуа - 240 сая фунт

Бекхэм гэр бүлийн маргаан

Бекхэмийн гэр бүл сүүлийн үеийн дотоод маргаантай холбоотойгоор мөн олны анхаарлын төвд байна. Дэвид болон Виктория Бекхэмийн ууган хүү Бруклин Бекхэм эцэг, эхтэйгээ муудалцсан гэх мэдээлэл олон сарын турш гарч буй.

Бруклин болон түүний эхнэр Никола Пелц нар 2025 онд болсон Дэвид Бекхэмийн 50 насны төрсөн өдрийн арга хэмжээнд оролцоогүй нь олны анхаарлыг татсан. Мөн Бруклин Instagram дээр эцэг, эхээ дагахаа больсон нь анзаарагджээ.

Бекхэмийн өөр нэг хүү Круз Бекхэм “Аав, ээж хоёр Бруклиныг unfollow хийгээгүй, харин Бруклин өөрөө бүгдийг block хийсэн” гэж мэдэгдсэн байна.

Дэвид Бекхэмийн сэтгэл хөдөлгөм шинэ жилийн мэндчилгээ

Шинэ жилийн үеэр Дэвид Бекхэм Instagram Story дээрээ бүх хүүхдүүдийнхээ зургуудыг нийтэлжээ.

Тэрбээр “Би гэр бүлдээ маш их хайртай. Та нар бүгд миний амьдрал” хэмээн бичсэн байна. Мөн Бруклинтэй хамт авахуулсан хуучин хар цагаан зургаа нийтлээд, “Би та нарт бүгдэд нь маш их хайртай” гэжээ.

Бруклин Бекхэмийн мэдэгдэл

Гэр бүлийн маргааны талаар Бруклин урт мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр “Би олон жилийн турш дуугүй байсан. Гэвч эцэг, эх болон тэдний баг хэвлэлд мэдээлэл тараасаар байгаа учраас өөрийнхөө төлөө ярихаас өөр аргагүй боллоо” гэжээ.

Мөн “Би гэр бүлтэйгээ эвлэрэхийг хүсэхгүй байна. Намайг хэн ч удирдаагүй, харин би амьдралдаа анх удаа өөрийнхөө төлөө зогсож байна” хэмээн мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, гэр бүлийн нэр хүндээ хамгаалахын тулд хэвлэлээр худал мэдээлэл тараадаг байсан аж.

Давост асуусан асуултад хариулахаас татгалзав

Дэвид Бекхэм Швейцарт болсон Дэлхийн эдийн засгийн форумд оролцох үеэрээ Бруклинтэй холбоотой асуултад хариулахаас татгалзсан байна. Сэтгүүлчид түүнээс хүүтэйгээ харилцаа ямар байгаа, олон нийтийн өмнө гэр бүлийн асуудал ил болсон талаар ямар бодолтой байгаа зэрэг асуулт асуусан ч тэр ямар нэгэн тайлбар өгөөгүй аж.

Эх сурвалж: UNILAD