Францад сурагчдын эсэргүүцэл эхэлснээс хойш 5000 гаруй хүнийг баривчилсан талаар тус улсын Дотоод хэргийн сайд Лоран Нуньес мэдэгджээ. Баривчлагдсан хүмүүсийн ойролцоогоор 85% нь насанд хүрээгүй, ихэнх нь сургуулийн сурагчид байгаа аж.

Францын Боловсролын яамны мэдээлснээр, тус улсын 3700 дунд сургуулийн 564 нь ажил хаялт, хаалт/блокадын улмаас үйл ажиллагаа нь доголдсон байна. Үймээний үеэр 65 сургуулийн ажилтан, тэр дундаа 40 сургуулийн захирал гэмтэж, 100 гаруй сургуулийн барилга эвдэрчээ. 

Соц сүлжээ эсэргүүцлийг өргөжүүлсэн гэж үзэв

Францын Дотоод хэргийн сайд эсэргүүцлийн цар хүрээг том бөгөөд гэнэтийн гэж тодорхойлж, үүнд нийгмийн сүлжээ болон сурагчдын жагсаалыг дэмжиж буй зүүний популист “Непокоренная Франция” (La France Insoumise) намын нөлөө нөлөөлсөн гэж мэдэгджээ.

Сайдын хэлснээр, хүчирхийллийн нөхцөл байдал жагсаал зохион байгуулагчдын хяналтаас бүрэн гарсан байна.

Бельфор хотод цагдаагийн алба хаагч руу халджээ

Аравдугаар сарын 2-нд Францын зүүн хойд хэсгийн Бельфор хотод цагдаагийн алба хаагчийг газар унагааж, өшиглөж буй бичлэг олны анхаарлыг татжээ.

Дотоод хэргийн сайдын мэдээлснээр, цагдаа халдлагын үеэр ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн ч одоогоор биеийн байдал нь ноцтой биш байгаа аж. Хэргийг эрүүгийн журмаар шалгаж эхэлсэн бөгөөд 17 настай өсвөр насны хүүхдийг саатуулсан боловч халдлагад ямар үүрэгтэй байсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна.

Сурагчид сургуулийн нөхцөл, хичээлийн хуваарьт дургүйцэж байна

Эсэргүүцлийн эхний ажиллагаа есдүгээр сарын 21-нд Парисын захын Кретей хотын Сен-Экзюпери лицейд эхэлсэн ч удалгүй улс даяар тархжээ.

Ахлах ангийн сурагчид:

  • анги дүүргэлт хэт их,
  • багшийн хүрэлцээ муу,
  • сургуулийн барилга, орчин муу,
  • хичээлийн хуваарь хэт ачаалалтай гэж үзэж буй юм байна.

Зарим томоохон хотод эсэргүүцлийн жагсаал цагдаа нарын эсрэг мөргөлдөөн болж даамжирсан бөгөөд зарим тохиолдолд жагсагчид чулуу, шатамхай бодистой шил ашигласан байна. Цагдаа нар хариуд нь нулимс асгаруулагч хий хэрэглэжээ.

Эх сурвалж: DW