Криштиану Роналду дахин дэлхий нийтийн анхаарлын төвд орлоо. Гэхдээ энэ удаа гоёмсог гоолуудаараа бус, дуулиан шуугианаар.
Үндэстнүүдийн лигийн Норвегийн шигшээтэй хийсэн тоглолтод (2:1) Жорже Жезуш 41 настай ахлагчийг сэлгээнд үлдээжээ. Ингэснээр Роналду шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан хэрнээ албан ёсны тоглолтод гараанд ч, сэлгээнээс ч талбайд гараагүй тохиолдол 18 жилийн дараа анх удаа тохиосон байна.
Дасгалжуулагч түүнд тоглолтын сүүлийн хагас цагт боломж олгож магадгүй гэж үзэн бие халаалт хийлгэсэн боловч эцэст нь талбайд гаргасангүй.
Тоглолтын дараа Роналду хөгжөөн дэмжигчдэд талархал илэрхийлэлгүйгээр хувцас солих өрөө рүү явсан бөгөөд маргааш нь багийн бэлтгэлд оролцолгүй, хамтын бэлтгэлээс чөлөөлөгджээ.
Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Педру Проэнса шигшээ багийн байрлалд хүрэлцэн ирж, гурван талын уулзалтаар асуудлыг шийдвэрлэсэн гэх мэдээлэл гарсан байна. Гэвч хэдхэн цагийн дараа Жезуш Данийн шигшээтэй хийх дараагийн тоглолтод ч Роналду сэлгээнд үлдэж магадгүй гэж мэдэгджээ.
Үүний хариуд Криштиану хувийн онгоц дуудан Мадридыг зорьж, шигшээ багийн байрлалыг орхисон байна.
Тэр "Би бүх үнэнийг португалчуудад хэзээ нэгэн цагт хэлнэ. Цаг нь болохоор би бүх үнэнийг Португалын ард түмэнд хэлнэ” хэмээн Роналду цахим хуудастаа бичжээ.
O Jogo сонины мэдээлснээр, түүний шийдвэр “эцсийн бөгөөд буцаах боломжгүй” аж. Гэхдээ уг шийдвэр нь сэтгэл хөдлөлөөр гарсан байж болзошгүй гэж тус хэвлэл дүгнэсэн байна.
Энэ түүх зөвхөн дасгалжуулагчийн урвалттай холбоотой биш. Тоглогчийн ойрын хүрээний хүмүүсийн хувилбараар Жезуш үнэхээр амласан ёсоороо алдаагаа олон нийтийн өмнө хүлээн зөвшөөрөөгүй байна.
Гэхдээ үүнээс гадна агуу тоглогч нэг энгийн үнэнийг хүлээн зөвшөөрөхөд бэрхшээлтэй байгаа тухай асуудал ч яригдаж байна. Тэр бол агуу тоглогчид хүртэл нас ахидаг гэсэн бодит байдал.
Дежавюгийн нөлөө
Энэ бол анхны, бүр хоёр дахь удаагийн тохиолдол ч биш. Роналдугийн карьерын сүүлийн жилүүдэд үүнтэй төстэй үйл явдал дахин дахин давтагдсан.
2022 оны Катарын ДАШТ-ий өмнө Роналду Пирс Морганд ярилцлага өгч, “Манчестер Юнайтед” өөрөөс нь урвасан гэж буруутган, багийнхаа тоглогчид болон дасгалжуулагчийн талаар шүүмжилсэн. Үүний дараа клубтэй байгуулсан гэрээг нь цуцалсан.
Роналду клубгүйгээр ДАШТ-д очсон цорын ганц тоглогч болсон юм.
Түүнийг явсны дараа “Манчестер Юнайтед” долоон тоглолт дараалан хожиж, Лигийн цомыг хүртсэн. Баг нь нэгэн хүнд ачаанаас салсан мэт сэргэжээ гэсэн дүгнэлт ч тухайн үед гарч байв.
“Реал Мадрид”-аас “Аль-Наср” хүртэл
Мадридын “Реал”-ын хувьд ч Роналдугийн явсан шалтгаан нь клубын ерөнхийлөгч Флорентино Перестэй цалингийн асуудал болон өөрийгөө хангалттай үнэлээгүй гэх зөрчилтэй холбоотой байсан.
Харин Саудын Арабын “Аль-Наср”-т очсоны дараа ч асуудалгүй өнгөрсөнгүй. Топ лигийн дарамт бага байсан хэдий ч Роналду багийнхны наймаа, шинэ тоглогч авах бодлогод сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, тоглолтод гарахаас татгалзсан удаатай.
Ингэснээр түүний дараагийн баг бүр дэлхийн хэмжээний од төдийгүй томоохон асуудлуудыг хамт хүлээж авдаг болсон гэх байр суурь гарчээ.
Гэхдээ Жорже Жезуш бол Роналдуд карьераа сайхан өндөрлүүлэх боломж олгосон хүн байсан. Тэр “Аль-Наср”-ыг удаан хүлээсэн аваргын цомд хүргэж, шигшээ багт Роналдугийн тоглох хугацааг болгоомжтой хуваарилахаар тохиролцсон.
Гэвч энэ нь Роналдуд хангалтгүй байсан бололтой.
Шигшээ баг Роналдугүйгээр хэрхэн тоглов?
Португалчууд Роналдугүйгээр Норвегийг хожоод зогсохгүй Данийг 4:2-оор итгэл төгс ялжээ.
Роналдугийн оронд гараанд гарсан Гонсалу Рамуш нэг гоол оруулж, нэг гоолын дамжуулалт өгсөн байна. Харин ахлагчийн туузыг зүүсэн Бруну Фернандеш хоёр гоолын дамжуулалт хийжээ.
Өөрөөр хэлбэл, багийн тоглолтын систем хэвийн ажиллаж байсан аж.
Шигшээ багийн хуучин хагас хамгаалагч Манише өмнө нь хүмүүсийн дунд шивнэлдэж байсан зүйлийг ил тод хэлжээ: “Баг хожсон ч Роналдугийн асуудал яригдсаар байна. Португал өөр хэн ч биш, зөвхөн өөрийг нь л од байлгахыг хүсдэг тоглогчтой холбоотой асуудалд гацчихсан”
Роналду байхгүй үед түүний шигшээ багийн хамтрагчид болох Рамуш, Рафаэл Леау, Жоау Феликс болон бусад тоглогчдод илүү их орон зай бий болж буй аж.
Нийтлэлийн зохиогчийн үзэж буйгаар, шигшээ баг Роналдугүйгээр хохирох нь бүү хэл “амьсгаа авсан мэт”харагджээ.
Францын ПСЖ клубын зүүн жигүүрийн хамгаалагч Нуну Мендешээс Роналду эргэн ирэх эсэхийг асуухад “Тэр бол багийн тоглогч хэвээр. Гэхдээ одоогоор бид дасгалжуулагчийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд илүү анхаарч байна" гэж хариулжээ.
Нийтлэлд үүнийг дипломат хэллэгээр “Бид түүний эсрэг биш, гэхдээ эргэн ирэхийг нь онцгойлон хүлээгээд байгаа зүйл алга” гэсэн санаа гэж тайлбарласан байна.
Агуу тоглогчид хэрхэн зодог тайлдаг вэ?
Энд Лионель Месситэй харьцуулах нь аргагүй гэж нийтлэлд өгүүлжээ.
2026 оны наймдугаар сарын 31-нд Аргентин тоглогч цахим хуудсаараа “Бүхнийг сайтар тунгаан бодсоны эцэст шигшээ багаас явж байгаагаа мэдэгдэж байна. Энэ шийдвэр надад хүнд байсан ч одоо цаг нь болсон гэдгийг ойлгож байна" хэмээн бичсэн байна.
Ямар ч дуулиан, хувийн онгоц, “би үнэнийг дараа нь хэлнэ” гэсэн мэдэгдэл байсангүй. Зүгээр л захидал, шийдвэрийнх нь тайлбар, талархал — тэгээд л дууссан.
Аравдугаар сарын 6-нд Буэнос-Айресийн “Монументаль” цэнгэлдэх хүрээлэнд Мессигийн нэрэмжит үдэлтийн тоглолтыг Бениний шигшээ багийн эсрэг хийхээр төлөвлөсөн бөгөөд цэнгэлдэх хүрээлэн дүүрэн үзэгчтэй байх юм.
Ийм нөхцөлд Роналдугийн одоогийн үйлдэл илүү хурц харагдаж байна гэж нийтлэлд дүгнэжээ.
Гэхдээ Месси ч 2016 онд Америкийн цомын финалд хожигдсоны дараа сэтгэл хөдлөлөөр шигшээ багаас зодог тайлж байгаагаа зарлаж байсан. Харин тэр шийдвэр нь хувийн эгогоос илүүтэй багийн бүтэлгүйтлээс үүдсэн сэтгэл санааны хүнд байдалтай холбоотой байсан гэж нийтлэлд тайлбарласан байна.
Месси удалгүй шигшээдээ эргэн ирсэн бөгөөд 2026 онд дэлхийн аваргын цомыг хүртэж, дээд амжилтуудаа тогтоосон амжилтынхаа дараа ямар нэгэн дуулиангүйгээр өөрийн нөхцөлөөр явж байна.
Роналду эргэн ирэх үү?
Роналду зөвшөөрөлгүйгээр шигшээ багийн байрлалыг орхисныхоо төлөө нэгээс зургаан сарын хугацаагаар эрхээ хасуулах эрсдэлтэй гэж мэдээлсэн байна.
Гэхдээ Marca сонины мэдээлснээр Жорже Жезуш олон нийтэд уучлал хүсэхээр төлөвлөж байгаа аж. Хөлбөмбөгийн холбоо болон дасгалжуулагчийн аль аль нь эвлэрлийг хүсэж буй бөгөөд улсынхаа түүхэн дэх хамгийн алдартай тоглогчийг дуулиантайгаар карьераа өндөрлөөсэй гэж хүсэхгүй байгаа бололтой.
Харин Роналду өөрөө хэвлэл мэдээлэл хэрхэн ажилладгийг сайн мэддэг, хийх алхмуудаа тооцоолдог хүн гэж нийтлэлд дурджээ.
Түүний “дараа нь үнэнийг хэлнэ” гэсэн мэдэгдэл түр зуурын сэтгэл хөдлөл биш, харин олон нийтийн анхаарлыг татах томоохон мэдэгдэл хийх дохио байж магадгүй гэж тайлбарласан байна.
Хэрэв тэр тайвширвал хамгийн боломжит хувилбар нь арваннэгдүгээр сард болох Португалын шигшээ багийн дараагийн цугларалтаар эргэн ирэх явдал гэж нийтлэлд таамаглажээ.
Наад зах нь үдэлтийн тоглолтод оролцож болох бөгөөд цаашлаад тэмцээний финал хүртэл тоглож, шигшээ багийн хамт гурав дахь цомоо хүртэхийг оролдон, карьераа сайхан өндөрлүүлэх боломж түүнд бий гэж зохиогч үзсэн байна.
Эцсийн тайлбар
Роналду олны анхаарлын төвөөс холдохыг хүсдэггүй хүн. Тиймээс тэр алга ташилтгүйгээр тайзнаас буухыг хүсэхгүй байж болох юм.
Гэхдээ өөр нэг хувилбар ч бий. Түүний зөрүүд зан давамгайлж, Роналду Копенгагены нисэх онгоцны буудал дээрээс шууд карьераа дуусгаж, ямар ч үдэлтийн тоглолт, алга ташилтгүйгээр явж болох нь.
Сэтгүүлч Мануэль Карреньо “Түүнд дийлж чадаагүй хоёрхон өрсөлдөгч байсан. Нэг нь Месси, нөгөө нь өөрийнх нь эго. гэж хэлжээ.
Гэхдээ сүүлчийнхтэй хийж буй тулааныг Роналду одоо ч тэнцээгээр дуусгах боломжтой аж.
Нийтлэлийн зохиогчийн эцсийн дүгнэлтдээ Роналдугийн өөртөө хэт өндөр шаардлага тавьдаг, нэр хүнддээ хэт мэдрэмтгий байдал нь өөрт нь ч, шигшээ багт ч, хөлбөмбөгт ч зохимжгүй жүжиг үүсгэлээ гэж шүүмжилжээ.
Тоглолтоос нэг хоногийн өмнө багийг орхиж, хамтрагчдаа хүнд байдалд оруулсан нь сэлгээнд суухыг доромжлол бус, карьерын тодорхой үе шатанд тохиолддог бодит байдал гэдгийг хүлээн зөвшөөрч чадаагүй хүний үйлдэл гэж зохиогч үзсэн байна.
Эх сурвалж: TASS