Монголын боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих төслийн зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурсныг Сангийн яам мэдээллээ.

“Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн 2 дахь нэмэлт санхүүжилт”-ээр 9 сургууль, 5 цэцэрлэг шинээр барьж, 17 сургууль, 1 цэцэрлэгийг өргөтгөн, 1 сургуулийн барилгын ажлыг дуусган, сургууль, цэцэрлэгийн хүчин чадлыг 11,140 суудлаар нэмнэ.

Мөн “Аймгуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх” төсөл хэрэгжүүлснээр нэг аймагт нэгдсэн төв эмнэлэг барьж, 3 аймгийн эмнэлгийг өргөтгөн, 13 байршилд яаралтай, эрчимт эмчилгээ, мэс заслын тасгийг шинэчилж, тоног төхөөрөмжөөр хангахаас гадна, 7 боомтод эрүүл мэндийн төв шинээр барих юм. 

Азийн хөгжлийн банктай 2025 онд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх дээрх 2 төслийн хэлэлцээр байгуулах үеэр Сангийн сайд З.Мэндсайхан Монгол Улс, Азийн хөгжлийн банкны хамтын ажиллагаа өнгөрсөн 35 жилд амжилттай өргөжиж ирснийг онцлон, томоохон хөрөнгө оруулж, боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжиж буйд талархал илэрхийлээд, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэжээ.