ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Валдай” олон улсын хэлэлцүүлгийн клубийн XXIII хурлын нэгдсэн хуралдаан дээр "ОХУ-д тодорхой асуудлууд байгаа хэдий ч улс орон хөгжиж, эдийн засаг эрүүл, тогтвортой хэвээр байна" гэж мэдэгдэв.
Тэрбээр мөн Украины мөргөлдөөний бүс дэх Оросын цэргийн давшилтын хурд нэмэгдэж байгааг онцолж, Европ ОХУ-ын эсрэг “түрэмгий бодлого” явуулж байгаа нь эдийн засгийнхаа бүтэлгүйтлийг халхлах оролдлого гэж үзэж буйгаа хэлсэн байна. Түүнчлэн олон туйлт дэлхийн ирээдүйн талаар байр сууриа илэрхийлжээ.
ТАСС агентлаг ОХУ-ын төрийн тэргүүний гол мэдэгдлүүдийг нэгтгэн хүргэв.
ОХУ-ын тогтвортой байдал ба ирээдүй рүү чиглэсэн хөдөлгөөн
Путин "Орос улс эрсдэл, боломж болон хүрэх шаардлагатай зорилтуудад бодитой үнэлгээ хийж, өөрийн ирээдүй рүү чиглэсэн замналаа тодорхойлоход бэлэн байна. Мөн “бусад улс орон, дэлхийн ард түмэнтэй хамтран ийм ажилд оролцоход бэлэн” гэж хэлэв.
Тэрбээр "Оросын нийгэм, эдийн засаг, санхүүгийн систем нуран унана гэж өрсөлдөгчид нь тооцоолж байсан боловч “тэдний төсөөлөөгүй зүйл"-тэй тулгарсан. Оросын нийгмийн ийм нэгдэл, зориг хатуужил, санхүүгийн систем болон эдийн засгийн тогтвортой байдлыг тэд хүлээж байгаагүй” гэж хэлжээ.
Путин “Тодорхой бэрхшээлүүд бий. Гэхдээ бид тэдгээрийг даван туулж байна. Макро эдийн засгийн үзүүлэлтүүд манай эдийн засаг эрүүл байгааг харуулж байна. Санхүүгийн систем болон эдийн засгийн институциуд тогтвортой ажиллаж байна.
Оросын эдийн засагт шийдвэрлэх шаардлагатай асуудал, хүндрэл байгаа ч “хаана байдаггүй юм бэ? Дэлхийн аль ч бүс нутгийг хар. Бүгдэд нь ямар нэгэн асуудал бий” гэж хэлжээ.
ОХУ инфляцын асуудалтай тулгарсан. Энэ талаар тэрбээр “Бид эдийн засгаа хэт хурдасгаж, хэт халсан. Тиймээс зориудаар хөргөх алхам хийсэн. Төв банк бодлогын хүүгээ өсгөвөл хөрөнгө оруулалт буурна гэдгийг бүгд ойлгож байсан. Үүний үр дагавар гарсан. Хамгийн гол нь эдийн засгаа хэт хөргөчихгүй байх хэрэгтэй” хэмээн хэлсэн байна.
Оросын удирдагч "2026 онд инфляц өнгөрсөн оныхоос бараг хоёр дахин буурсан" гэж хэлээд, “Энэ үр дүн мөн үү? Тийм. Эерэг үр дүн мөн үү? Мэдээж” хэмээн үнэлжээ.
Энэ жилийн төсвийн алдагдал ойролцоогоор 3 хувь байгаа бөгөөд ирэх онд 2 хувь болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Украины мөргөлдөөний бүс дэх нөхцөл байдал
Тэрбээр "Тусгай цэргийн ажиллагааны бүс дэх нөхцөл байдал идэвхтэй өөрчлөгдөж байна. Зөвхөн есдүгээр сард Оросын тал 1,300 гаруй км² нутаг дэвсгэрийг хяналтдаа авсан. Энэ нь өмнөх саруудынхаас 2.5 дахин их" гэж мэдэгдсэн байна.
Путин Украины болон Европын эрх баригчид Донбассын үлдсэн 11 хувийг ердөө 1.5–2 жил хадгалж чадна гэж ярьж байгаа талаар дурдсан байна. Харин тэр Оросын цэргүүдийн давшилтын хурдыг харгалзан үзвэл энэ хугацаа “хамаагүй эрт” тохиож магадгүй гэж үзжээ.Путин "Украины асуудал Оросын хувьд “газар нутгийн нэг хэсгийн тухай асуудал биш, хүмүүсийн тухай асуудал.
Хэрэв эдгээр нутаг дэвсгэрийг алдах нь зайлшгүй болох юм бол хүмүүсийн аюулгүй байдал, амь насыг золиослон тэдгээрийн төлөө зууралдах ямар хэрэг байна вэ? ” гэж хэлсэн байна.
Түүний хэлснээр, гол асуудал нь газар нутгийн төлөөх тэмцэл бус, урт хугацааны, түүхэн ирээдүйд үргэлжлэх энх тайвны нөхцөл болон аюулгүй байдлын баталгааг бий болгох явдал ажээ.
Путин Украины асуудлаар энхийн тохиролцоонд хүрэхийг эрмэлзэх шаардлагатай гэж мэдэгдсэн байна.
Тэр "Хэрэв барууны орнууд болон Украин Оросын хувьд хүлээн зөвшөөрөх боломжтой нөхцөлүүдийг зөвшөөрвөл цаашдын хүнд нөхцөл байдлыг зогсоож, хоёр талын нэмэлт хохирлыг багасган, хүмүүнлэгийн асуудал, орос хэл, мөн Оросын үнэн алдартны шашны сүмтэй холбоотой харилцааг хамарсан тохиролцоонд хүрэх нь дээр" гэж хэлжээ.
Путин "ОХУ Украины асуудлаарх хэлэлцээг эхлүүлж, аль болох хурдан дуусгахад бэлэн боловч энэ нь “ОХУ болон Оросын ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөх нөхцөлөөр” явагдах ёстой" гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, Украины талд одоогийн байдлаар байлдааны ажиллагааг зогсоох хүсэл “байхгүй бололтой".
Киевт өгсөн “гранат”
Путин "Киевийн эрх баригчид Хар тэнгист Оросын ачааны хөлөг онгоцуудад цохилт өгч эхэлсэн учраас Орос хариу арга хэмжээ авч эхэлсэн" гэж мэдэгджээ.
Тэрбээр энэ талаар “Тэд эхэлсэн - тэгвэл Зөвлөлтийн цэргийн дайчнаас ‘гранатаа аваарай’, фашист аа”
гэсэн утгатай ширүүн үг хэрэглэсэн байна.
Путин "Украин Оросын нефть боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгч, Оросын эдийн засагт хохирол учруулах зорилгоо шууд зарласан" гэж хэлжээ.
Түүний үнэлгээгээр эдгээр халдлагын улмаас Оросын ДНБ ойролцоогоор 1 хувиар буурсан бөгөөд үүний хариуд Орос “толин тусгалын” буюу харилцан адил хариу цохилт өгсөн аж.
Оросын талын үзэж буйгаар, өрсөлдөгчид нь Оросын эсрэг хийсэн цохилтуудын үр дүнг буруу тооцоолсон байна. Тэрбээр “Алдаагаа харж байгаа бол арга барилаа ямар нэг байдлаар өөрчлөх хэрэгтэй” гэж хэлээд, алдаагаа мэдсээр байж түүндээ зүтгэж буйг шүүмжилжээ.
Путин "ОХУ-ын зэвсэгт хүчин Украины эдийн засагт чухал ач холбогдолтой объектуудад цохилт өгч эхэлсэн" гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, Украины өөрсдийнх нь хүлээн зөвшөөрсөн мэдээллээр тус улсын металлургийн үйлдвэрлэл “бараг байхгүй болжээ”.
Путин дэлхийн түлшний зах зээлд туслах зорилгоор Украины мөргөлдөөний үеэр харилцан цохилтоо зогсоох санал гаргах нь “утгагүй” гэж үзжээ.
Түүний тайлбарласнаар, Оросын дизель түлш хориг арга хэмжээ хэвээр байхад дэлхийн зах зээлд хэрхэн гарах нь тодорхойгүй. Тиймээс тэрбээр "Орос өөрийн эсрэг эдийн засгийн хувьд эмзэг объектуудад өгч буй цохилтоо зогсоох ёстой гэсэн шаардлага нь бодит ашиг сонирхолд нийцэхгүй. “Энэ бүхний талаар ярьж болно. Гэхдээ харилцан ашиг сонирхлыг үндэслэн ярилцах ёстой" гэж хэлсэн байна.
Европын “түрэмгийлэл” ба Европ задрах тухай Путины байр суурь
Путин "Европын тэргүүлэх орнууд одоо ОХУ-д хандахдаа АНУ-аас “хамаагүй илүү түрэмгий байр суурь” эзэлж байна" гэж мэдэгджээ.
Түүний хэлснээр, АНУ мөргөлдөөнийг зогсоохыг эрмэлзэж байгаа бол Европын олон орон өөрсдийн эдийн засгийн таагүй нөхцөл байдал, эрх баригч улс төрийн хүчний байр суурь, дотоодын улс төрийн өөрчлөлттэй холбоотойгоор ОХУ-тай харилцах хурцадмал байдлыг нэмэгдүүлэхэд “тэргүүн эгнээнд” гарч байна.
Путин "Европын орнуудын ийм бодлогын нэг шалтгааныг өөрсдийн дотоод улс төрийн байр сууриа бэхжүүлэх оролдлого" гэж тайлбарлажээ. Түүний хэлснээр, Европын эрх баригчид дайнд бэлтгэх шаардлагыг зөвтгөж, өөрсдийнхөө эргэн тойронд аль болох олон дэмжигчийг нэгтгэх замаар эрх мэдлээ хадгалахыг оролдож байгаа ажээ.
Тэр “Бид хэнд ч заналхийлдэггүй. 2029, 2030, бүр 2050 онд ч хэн нэгэн рүү довтлох гэж байгаа зүйл байхгүй. Харин бид түрэмгийлэлтэй тулгарвал хариу өгөхөөс өөр аргагүй. Европын иргэд Оросын байр суурь болон өөрсдийн улс орны улс төрийн удирдлагын байр суурийг ялгаж ойлгох ёстой" гэж хэлжээ.
Путин "Европ Оросын эсрэг чиглэсэн бодлогоо зөвтгөхийн тулд Москва Европт цөмийн зэвсгээр заналхийлж байна гэсэн санааг контекстээс нь салган ашиглаж магадгүй" гэж үзэж буй аж. Түүний хэлснээр, ингэснээр Европын эрх баригчид өөрсдийн иргэдийн анхаарлыг дотоодын асуудлаас гадаадын аюул занал руу шилжүүлэхийг оролдож буй юм байна.
Путин "Европын олон орны нөхцөл байдлыг улам хурцатгаж байгаа нь эдийн засаг, дотоод улс төрийн байдал муудсантай холбоотой" гэж хэлжээ.
Тэрбээр "Европын эдийн засаг, нийгмийн бодлого, иргэдийн амьжиргааны түвшинд болж буй өөрчлөлтүүдийг харж, ийм нөхцөлд эрх баригчид иргэдийн анхаарлыг дотоодын асуудлаас гадаадын асуудал руу шилжүүлэх шаардлагатай болдог" гэж тайлбарлажээ.
Путин "Европтой болон Европын тодорхой улс орнуудтай харилцаагаа сэргээхэд ОХУ-д урьдчилсан нөхцөл байхгүй" гэж мэдэгдсэн байна.
Путин "Европын холбооны орнууд Оросын үзэж буйгаар, өөрсдийн эдийн засагт сөргөөр нөлөөлөх алдаатай бодлогоо үргэлжлүүлвэл “өөрсдөө задран унах” болно" гэж хэлээд, “Гэхдээ энэ бол бидний хэрэг биш. Бид тэдний дотоод хэрэгт оролцохгүй” гэж мэдэгджээ.
Зэвсэг ба Оросын “өрсөлдөх давуу тал”
Путин "НАТО-гийн орнууд Орос руу шууд халдсан тохиолдолд өрсөлдөгчийн тал хүн амаараа Оросоос хоёр дахин олон байна" гэж хэлсэн байна.
Тэр “Энэ бол эдийн засгийн асар их потенциал, цэргийн асар их потенциал. Ийм аюул заналхийлэлтэй тулгарахад бидэнд хүч, хэрэгсэл тийм ч их биш байх болно. Тиймээс бид өөрсдийн өрсөлдөх давуу талуудыг ашиглах хэрэгтэй” гэжээ.
Путин "Оросын өрсөлдөх давуу тал нь өөрийгөө хамгаалах болон байлдааны зориулалттай зэвсгийн тодорхой системүүд" гэж хэлсэн байна.
Тэр Франц, Их Британи мөн цөмийн зэвсэгтэй орнууд гэдгийг Москва сайн ойлгож байгаа боловч ОХУ-д байгаа зарим төрлийн цохилтын хэрэгсэл бусад улсад байхгүй гэж мэдэгджээ. Тэр “Бид хэнд ч заналхийлдэггүй. Зүгээр л өөрийгөө хамгаалах хэрэгсэл бидэнд тийм ч олон биш гэдгийг хэлж байна” гэж хэлсэн байна.
Путин "Калининград мужийг хамгаалах тухай ОХУ-ын Гадаад хэргийн яамны захидалд цөмийн зэвсэг ашиглана гэж огт хэлээгүй" хэмээн мэдэгджээ. Тэр "Тэнд ОХУ-ын мэдэлд байгаа “бүх хүч, хэрэгслийг” ашиглана гэж дурдсан бөгөөд яг ямар хэрэгсэл ашиглахыг тухайн үед шийднэ" гэж хэлсэн байна.
Путин "ОХУ одоогийн байдлаар шинэ төрлийн зэвсгийн системүүдтэй болсон. Үүнд пуужингийн довтолгооноос хамгаалах системийг даван туулах шинэ хэрэгслүүд, өндөр технологийн дунд тусгалын зэвсэг, бусад орнуудад одоогоор байхгүй гэж Оросын тал үзэж буй шинэ системүүд багтана. Мөн ОХУ хэдэн жилийн өмнө бий болгосон орчин үеийн төлөвлөн нисэх байлдааны блоктой" гэж мэдэгджээ.
Тэрбээр цөмийн зэвсэгтэй бүх орон өндөр технологийн улс бөгөөд ирээдүйд бусад орон ийм технологитой болох боломжтой ч “одоогоор байхгүй, одоогоор зөвхөн бидэнд байна” гэж мэдэгдсэн байна.
Путин "Орос шинэ үйлдвэрүүд барихдаа орчин үеийн дайны арга хэлбэрийг харгалзан үзэж буй бөгөөд эдгээр үйлдвэрүүдийг аль болох аюулгүй бүсэд байгуулахад анхаарч байна" гэж хэлжээ.
АНУ-тай харилцах харилцаа
Путин "Орос, АНУ-ын харилцааг муутгаж, задруулж буй хүчин зүйлс олон арван жилийн туршид бүрэлдсэн" гэж хэлжээ. Тэр “Биднийг тусгаарлаж буй эдгээр хүчин зүйлс өнгөрсөнд үлдэж, харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ боломжууд бий болоосой гэж бид маш их хүсэж байна” гэсэн байна.
Путин "ОХУ стратегийн зэвсгийг хязгаарлах асуудлаар АНУ-тай яриа хэлэлцээг сэргээх санал тавьсан бөгөөд одоо ч ийм саналтай хэвээр байна" гэж мэдэгджээ. Тэрбээр “Бид ийм яриа хэлэлцээг сэргээхийг эсэргүүцдэггүй. Бид хэзээ ч эсэргүүцэж байгаагүй. Бид өөрсдөө санал болгосон. Одоо ч санал болгож байна. Хариу алга. Хариу байхгүй бол байхгүй л гэсэн үг” гэж хэлсэн байна.
Путин "Зэвсгийн уралдаан болон цөмийн зэвсгийн тархалтыг хязгаарлах зарим гэрээнээс Вашингтон гарсан" гэж мэдэгджээ. Тэрбээр үүнд, тэр дундаа СНВ-3 буюу New START-ыг дурдсан байна.
Оросын удирдагч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай олон жилийн турш “сайн харилцаатай” байсан бөгөөд Украины хямралыг шийдвэрлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж байгаад нь талархаж буйгаа илэрхийлжээ.
Путин Трампыг үүнийг “чин сэтгэлээсээ” хийж байгаа гэж олон удаа хэлж байсан бөгөөд одоо ч энэ байр сууриндаа итгэлтэй байгаагаа мэдэгдсэн байна.
Хятадтай түншлэл
Оросын төрийн тэргүүн "Путин болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин хоёр бие биенээ “үггүйгээр, орчуулагчгүйгээр” ойлгодог" гэж хэлжээ. Тэрбээр “Тэр, эсвэл би ганцхан үг хэлэхэд л бид бие биенийхээ хэлийг мэдэхгүй ч ямар утгатайг нь ойлгодог. Саад байна уу? Үгүй” хэмээн хэлсэн байна.
Путин "Хятад улс үүссэн асуудлыг дарамт шахалт, эсвэл цэргийн хүчээр шийдэхийг эрмэлздэггүй, энэ нь Хятадын философид нийцдэггүй. Харин асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийг эрмэлздэг бөгөөд Орос энэ хандлагыг харж, хүлээн зөвшөөрдөг" гэж хэлжээ.
Хятад улс Украины энх тайвны асуудлыг урагшлуулахад тодорхой үүрэг гүйцэтгэж чадах уу?
Путин “Мэдээж чадна” гэжээ. Тэрбээр үүнийг Хятадын өсөн нэмэгдэж буй эдийн засаг, цэргийн хүчин чадал болон хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэх эрмэлзэлтэй холбон тайлбарласан байна. Путин Ши Жиньпиний дэвшүүлсэн “Бүс ба Зам” санаачилга нь үүний нэг илрэл" гэж үзжээ.
Тэр "Орос Хятадтай хамтран уг санаачилгыг хөгжүүлж, Оросын “Их Евразийн түншлэл”-ийн санаачилгатай уялдуулан ажиллаж байгаа бөгөөд энэ нь эерэг үр дүн авчирч байна" гэж хэлсэн байна.
Путин "Хятадын компаниуд ОХУ-ын Алс Дорнодод идэвхтэй ажиллаж буй бөгөөд Оросын хамгийн том, дэлхийн томоохон зэсийн ордуудын нэгэнд Хятадын хөрөнгө оруулагчид оролцох боломжтой болох асуудлыг Засгийн газрын комисст оруулахаар бэлтгэж байна" гэж мэдэгджээ.
Мөн тэрбээр "Москва, Бээжин Хойд тэнгисийн замыг Орос, Хятадын ашиг сонирхолд нийцүүлэн идэвхтэй ашиглах чиглэлээр хамтын ажиллагаагаа заавал хөгжүүлнэ гэж хэлсэн байна.
Энэтхэгийн жишээ ба энх тайвны санаачилгууд
Путин Энэтхэгийн соёлын олон янз байдал, нэгдмэл байдлыг “бахархмаар” гэж үнэлжээ. Түүний хэлснээр, Энэтхэгийн соёлд өөр өөр байдал болон нэгдмэл байдлыг нэгэн зэрэг хадгалж чаддаг онцлог бий бөгөөд үүнээс үлгэр авч болох аж.
Путин "Энэтхэгийн туршлагыг харгалзан өөр өөр соёл, түүх, уламжлалтай улс орнуудын хоорондын харилцааг хөгжүүлэх боломжтой" гэж үзэж буй юм байна.
Тэрбээр "Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди уулзах бүрдээ Украины мөргөлдөөнийг зогсоох асуудлыг хөнддөг" гэж хэлжээ. Түүний хэлснээр, Моди “харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой шийдэл” олоход чиглэсэн хэд хэдэн санаа дэвшүүлсэн байна.
Путин "Энэтхэгийн Ерөнхий сайдыг төвийг сахисан боловч мөргөлдөөнийг дуусгахыг сонирхож буй байр суурьтай" гэж тодорхойлжээ. Тэр “Бид Ерөнхий сайдын санаа, энх тайвны замаар мөргөлдөөнийг аль болох хурдан дуусгах гэсэн эрмэлзэлд нь талархаж байна” гэж хэлсэн байна.
Олон туйлт дэлхий ба БРИКС
Путин "Дэлхий олон туйлт байх ёстой бөгөөд хоёр туйлт тогтолцоо руу буцах боломжгүй" гэж мэдэгджээ. Түүний үзэж буйгаар, олон улсын харилцаанд оролцож буй бүх талын ашиг сонирхлыг харгалзан үзэх ёстой аж.
Путин “Нэг улсын аюулгүй байдлыг нөгөө улсын аюулгүй байдлын зардлаар хангаж болохгүй. Энэ зарчим нь ирээдүйн дэлхийн дэг журмын үндсэн тулгуурын нэг байх ёстой" гэж хэлжээ.
Мөн тэрбээр "Ирээдүйн дэлхийн дэг журам яг ямар байхыг одоогоор нарийвчлан хэлэх боломжгүй боловч улс орнууд хамтран түүний суурь зарчмуудыг тодорхойлохыг эрмэлзэх ёстой" гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.
Путин "БРИКС нь ирээдүйн дэлхийн дэг журмыг байгуулах нэг төрлийн загвар болж чадна" гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, БРИКС-ийн гишүүн орнууд өнөөдөр дэлхийн хүн амын бараг тал хувийг бүрдүүлж буй бөгөөд дэлхийн эдийн засагт эзлэх хувь нь жил бүр өсөн нэмэгдэж буй аж.
Путин "БРИКС-ийн сонирхол татах нэг гол шинж нь гишүүн орнуудын тэгш эрхийн зарчим" гэж онцолжээ. Тэрбээр “Тэнд хэн ч давамгайлдаггүй. Энэ нь сонирхол татдаг” хэмээн хэлсэн байна.
Оросын удирдагч "БРИКС цаашид олон улсын харилцааны шинэ архитектурт яг ямар үүрэг гүйцэтгэхийг одоогоор тодорхойлоход хэцүү боловч нэг зүйл дээр итгэлтэй хэлж болно. БРИКС бол ашигтай механизм юм" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: TASS