Монгол Улсын Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч дэд хурандаа Н.Батням 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Унгар Улсаас Монгол Улсад хавсран суугаа Батлан хамгаалахын атташе хурандаа Гергели Кадашийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Унгарын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.

Гадаад хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч дэд хурандаа Н.Батням хурандаа Гергели Кадашид Монгол Улсад хавсран суугаа Батлан хамгаалахын атташегийн үүрэгт ажлаа хүлээн авсанд баяр хүргэж, хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.
Мөн өдөр Монгол Улсын Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч дэд хурандаа Н.Батням Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад хавсран суугаа Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Пьер Сандриныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол, Францын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид цэргийн боловсрол, сургалт, энхийг дэмжих ажиллагаа болон харилцан сонирхсон бусад чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.

Гадаад хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч дэд хурандаа Н.Батням дэд хурандаа Пьер Сандринд Монгол Улсад хавсран суугаа Батлан хамгаалахын атташегийн үүрэгт ажлаа хүлээн авсанд баяр хүргэж, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.