Афганистаны Талибан хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид "Пакистаны цэргийн онгоцууд Афганистаны зүүн болон өмнөд хэсэгт агаарын цохилт өгсний улмаас 9 хүн амиа алдан, 11 хүн шархадсан" гэж мэдэгдэв.

Түүний мэдээлснээр, цохилт Кунар мужийн Чугам болон Хельманд мужийн Сафар суурин дахь орон сууцны байшингуудыг оножээ. Амиа алдсан хүмүүсийн дунд эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан гэж тэрбээр X нийгмийн сүлжээнд бичсэн байна.

Мужахид уг үйлдлийг “түрэмгийлэл” хэмээн нэрлэж, олон улсын хүлээн зөвшөөрсөн зарчим зөрчсөн явдал гэж буруушаажээ.

Харин Пакистаны тал цохилт зэвсэгт дайчдын байрлал руу чиглэсэн гэж мэдэгдсэн бөгөөд 22 дайчин устгасан гэж мэдээлсэн байна. Талуудын хохирлын талаарх мэдээллийг одоогоор хараат бус эх сурвалж бүрэн баталгаажуулаагүй байна.

Хоёр улсын харилцаа дахин хурцдав

Пакистан, Афганистаны харилцаа сүүлийн саруудад улам хурцадсан. Исламабад Афганистаны нутаг дэвсгэрээс Пакистаны Талибан буюу TTP бүлэглэл халдлага үйлдэж байна гэж буруутгадаг бол Кабул энэ мэдэгдлийг үгүйсгэж, зэвсэгт бүлэглэлүүдийн асуудал нь Пакистаны дотоод асуудал гэж үздэг.

Есдүгээр сарын сүүлчээр хоёр улсын хил орчимд мөргөлдөөн дахин ширүүсэж, улмаар Пакистан Афганистаны нутаг дэвсгэрт хэд хэдэн удаа агаарын цохилт өгсөн байна.

Эх сурвалж: RIA NOVOSTI