Украин улс барууны орнуудын санхүүгийн дэмжлэггүйгээр Оростой хийж буй дайнаа үргэлжлүүлэх боломжгүй болж болзошгүй гэж Германы Welt телевизийн Киев дэх сурвалжлагч Кристоф Ваннер мэдэгджээ.
Тэрбээр Украины эдийн засаг өөрийн орлогоороо хэрэгцээгээ бүрэн хангах боломж хязгаарлагдмал болсон гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Ваннер “Нөхцөл байдал ийм байна. Украин өөрийн хүчээр хангалттай хэмжээний хөрөнгө бүрдүүлж чадахгүй байна. Барууны санхүүгийн тусламжгүйгээр Украин энэ дайныг цааш үргэлжлүүлэх боломжгүй болж байна гэж би үзэж байна. Үүний үр дүнд украинчуудыг өвдөг сөхрүүлэх нөхцөл байдал үүсэж байна” хэмээн хэлжээ.
Түүнчлэн тэрбээр өвөл ойртож буй энэ үед Украины эрчим хүчний салбар хүнд нөхцөлд орсон, үйлдвэрлэлийн хүчин чадал нь ихээхэн буурсан гэж мэдэгдсэн байна.
Украины Ерөнхий сайд Сергей Корецкий лхагва гарагт Засгийн газар зардлаа дээд хэмжээнд танах горимд шилжиж, нэн тэргүүний зарим зардлыг хойшлуулсан гэж мэдэгджээ. Гэсэн ч энэ нь хангалтгүй бөгөөд олон улсын түншүүдээс санхүүгийн дэмжлэг авах нь нэн чухал хэвээр байгааг онцолсон байна.
Корецкий есдүгээр сарын 28-нд мөн улсын төсвийн зарим зардлыг дахин танаж, хөрөнгө мөнгөний хомсдолоос шалтгаалан тодорхой зардлуудаас татгалзсанаа хүлээн зөвшөөрчээ.
Украины парламентын Төсвийн хорооны дарга Роксолана Пидласагийн мэдээлснээр, тус улс 2027 онд 52.6 тэрбум ам.долларын гадаад санхүүжилт шаардлагатай байгаа аж.
Украин сүүлийн хэдэн жил төсвийн өндөр алдагдалтай төсөв баталж, уг алдагдлаа барууны орнуудын санхүүгийн тусламжаар нөхөхөд түшиглэж ирсэн байна. Энэ оны улсын төсөв 1.9 их наяд гривен буюу ойролцоогоор 45 тэрбум ам.долларын алдагдалтай батлагджээ.