Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон ШУА-ийн Биологийн хүрээлэн хамтран хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр 5 жишиг төслийг хэрэгжүүлж буй аж.
Үүний нэг нь Эмээлтийн мах бэлтгэлийн бүс орчмын хөрснөөс 12 цэгийн дээж авч хөрсний эрүүл ахуйн бохирдлыг E.coli titre (гэдэсний савханцар), Salmonella/ Shigella (гэдэсний бүлгийн эмгэг төрүүлэгч нянгууд), Clostridium perfringens гэсэн гурван үзүүлэлтээр MNS 3297:2019 “Хөрс. Хот, суурин газрын хөрсний эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлт, бохирдлыг үнэлэх” стандарттай харьцуулан биобэлдмэлийг ашиглахын өмнөх болон дараах үр дүнг үнэлжээ.
Төслийн хүрээнд тус хүрээлэнгийн Микробын нийлэгжлийн лабораторийн судлаачдын олон жилийн судалгааны үр дүнд нутгийн цэвэр омгуудын шилмэл бичил биетээс гарган авсан цогц биобэлдмэлүүд (Био-ариус, Биобэлдмэл, Урга)-г ашиглаж байгаа аж.
Шинжилгээний дүнгээр, биобэлдмэл хэрэглэхээс өмнө 12 цэгийн 5 нь их, 5 нь дунд, 2 нь бага бохирдолтой ангилалд байсан бол хэрэглэсний дараах шинжилгээгээр 4 нь их, 4 нь дунд, 3 нь бага бохирдолтой болж 1 дээж цэвэр ангилал руу шилжсэн байна.
Өөрөөр хэлбэл, цэг тус бүрийн харьцуулалтаар 7 цэгийн бохирдлын ангилал өөрчлөгдөөгүй, 1 цэгийн ангилал бага бохирдлоос дунд бохирдол руу орсон бол 4 цэгийн бохирдлын түвшин нэг шатлалаар сайжирсан үр дүнг үзүүлжээ. Тодруулбал,
E.coli titre, Salmonella/Shigella болон Clostridium perfringens гэсэн гурван үзүүлэлтийг хамтатган цэг тус бүрийн бохирдлын ангиллыг харьцуулсан дүнгээр нийт 33.6 хувийн эерэг өөрчлөлт гарсан бол E.coli агууламж нийт 12 цэгийн хэмжээнд 58.3 хувьд буурсан үр дүн гарчээ.