АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт технологийн салбарын тэргүүлэх удирдлагуудыг Цагаан ордонд хүлээн авч уулзжээ. Тэрбээр үүнийг “Америкийн Алтан эрин үеийг бүтээж буй” оюун ухаантнуудын “онцгой цугларалт” хэмээн нэрлэсэн байна.

Уулзалтад OpenAI, Anthropic, Nvidia, SpaceX, Meta болон Google компанийн удирдлагууд зэрэг АНУ-ын хиймэл оюун ухааны салбарын гол тоглогчид оролцжээ.

Энэхүү уулзалт нь хиймэл оюун ухаан хүн төрөлхтөнд учруулж болзошгүй эрсдэлийн талаар санаа зовниж буй зарим технологийн удирдлагууд болон мэргэжилтнүүд уг салбарт илүү хатуу зохицуулалт хэрэгтэй гэж үзэж буй үед болсон байна.

Трампын Цагаан ордонд зохион байгуулсан технологийн салбарын дээд хэмжээний уулзалтаас анхаарах гурван гол зүйл:

1. Хиймэл оюун ухааны “өөрөө зохицуулах” гэрээ

Хаалттай хаалганы цаадах уулзалтын дараа Трамп технологийн салбарын тэргүүлэгчидтэй хамт хэвлэл мэдээллийнхний асуултад ойролцоогоор 30 минут хариулжээ.

Ерөнхийлөгчийн хэлснээр, технологийн компаниуд хиймэл оюун ухаанаас үүдэж болзошгүй эрсдэлээс хамгаалах “ёс суртахууны хувьд заавал дагаж мөрдөх” баримт бичигт гарын үсэг зурсан байна.

Трампын цахим хуудсандаа нийтэлсэн уг хэлэлцээрийн дагуу компаниуд өөрсдийн хөгжүүлсэн технологийн аюулгүй байдлыг хангах үүргийг өөрсдөө хүлээжээ. Мөн компаниуд хиймэл оюун ухааны загваруудыг зориулалтын дагуу ажиллуулах хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлж, аливаа асуудлыг хурдан илрүүлэн засварлахаар тохиролцсон байна.

Түүнчлэн хиймэл оюун ухааны системүүд нь зориулалтын дагуу ажиллаж байгаа эсэхийг үнэлүүлэхийн тулд “хараат бус аудиторуудтай” хамтран ажиллаж, платформууд нь техникийн системүүдийг зориогүй байдлаар “хакердах эсвэл нэвтрэхгүй” байх нөхцөлийг хангахаар болжээ.

Уг гэрээнд Трамп, Google-ийн захирал Сундар Пичай, Anthropic-ийн тэргүүн Дарио Амодей, Meta-ийн Марк Цукерберг, OpenAI-ийн ерөнхийлөгч Грег Брокман, SpaceX-ийн Илон Маск болон Nvidia-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг нар гарын үсэг зурсан байна.

Трамп гэрээний талаар “Энэ нь нэг талаараа бараг Үндсэн хууль шиг зүйл. Дэлхийн хамгийн том компаниудын удирдлагууд үүнд гарын үсэг зурсан, мөн би ерөнхийлөгчийн хувьд гарын үсэг зурсан” хэмээн ярьжээ. Тэр мөн хиймэл оюун ухааны хэрэгслүүдийн аюулгүй байдалд хяналт тавих зөвлөл байгуулна гэж мэдэгдсэн боловч уг зөвлөлд хэн хэн багтахыг тодорхой хэлээгүй байна.

Цукерберг энэхүү хэлэлцээр нь “технологи зориулалтын дагуу ажиллаж байгаа гэдэгт Америкийн ард түмэн болон хэрэглэгчдэд итгэл төрүүлнэ” гэж хэлээд, уулзалтыг “түүхэн яриа хэлэлцээ” хэмээн тодорхойлжээ.

Амодей энэ хэлэлцээрийг “аюулгүйгээр ялалт байгуулах” арга хэмээн нэрлэсэн байна. Тэрбээр Трампын энэ сарын эхээр хэлсэн “Хиймэл оюун ухаанд хэн ялна, тэр ялна” гэсэн санааг иш татжээ.

Бүх мэргэжилтэн уг хэлэлцээрийг сайшаасангүй

Наньянгийн Технологийн их сургуулийн хиймэл оюун ухааны засаглалын судлаач Хосе Мигелито Энрикес "Уг гэрээ нь “шинээр бүрэлдэж буй нийтлэг ойлголтыг” харуулж байгаа ч хиймэл оюун ухаанаас үүдсэн зөрчил, осол гарсан тохиолдолд хөгжүүлэгчид хариуцлага хүлээх эсэх асуудлыг шийдээгүй" гэжээ.

Сиднейн их сургуулийн хуулийн профессор Кимберли Уэзерал уг гэрээг “үнэхээр хангалтгүй” гэж дүгнэсэн байна. Тэрбээр дэлхийн зарим удирдагчид болон технологийн салбарын төлөөлөгчид хиймэл оюун ухаанд илүү хатуу зохицуулалт хийхийг уриалж буй нөхцөлд ийм гэрээ байгуулсан нь хангалтгүй гэж үзжээ.

Уг хэлэлцээр нь компаниудад “юуг аюулгүй байдал гэж үзэхээ өөрсдөө тодорхойлох” боломж олгож буй бөгөөд гэрээг зөрчсөн тохиолдолд ямар үр дагавар гарах талаар тодорхой заагаагүй гэж Уэзерал хэлсэн байна. Тэр “Энэ гэрээг анхаарлыг өөр зүйлд сарниулах хэрэгсэл учраас үл тоох хэрэгтэй” гэж нэмжээ.

Трамп хиймэл оюун ухааны эрсдэлийн талаарх сэрэмжлүүлгийг үл харгалзан яагаад үүнд бүх хүчээрээ анхаарч байгаа талаар болон хиймэл оюун ухаан хүн төрөлхтөнд аюул учруулж болзошгүй гэсэн болгоомжлол хэр бодитой болох талаар мөн асуултууд гарч буй аж.

Цагаан ордны тэргүүн хиймэл оюун ухааны эрсдэлийн талаарх болгоомжлолыг удаа дараа багасган ярьж ирсэн. Үүний зэрэгцээ томоохон хиймэл оюун ухааны компаниуд уг технологид илүү хатуу хяналт тавихыг уриалж буй юм.

Даваа гарагт OpenAI аюулгүй байдлын асуудлаас шалтгаалан хамгийн сүүлийн үеийн тэргүүлэх хиймэл оюун ухааны загвар болох GPT-6.1 Astra-г гаргах төлөвлөгөөгөө цуцалсан гэж мэдээлжээ.

Тус компанийн аюулгүй байдлын хяналтын тогтолцоо нь технологитой холбоотой хэд хэдэн олны анхаарлыг татсан үйл явдлын дараа хүчтэй шүүмжлэлд өртөөд буй. Үүнд тус компанийн загварууд Австралийн төрийн байгууллагуудын платформд зөвшөөрөлгүйгээр нэвтэрсэн гэх тохиолдол багтжээ.

Мельбурны их сургуулийн Хиймэл оюун ухаан ба дижитал ёс зүйн төвийн Жанни Патерсон хэлэхдээ, өөрөө зохицуулах тогтолцоо нь компаниудыг “хамгийн наад захын хамгаалалтын арга хэмжээ” л тогтоох нөхцөлд хүргэж болзошгүй гэжээ.

Тэрбээр сүүлийн үеийн хиймэл оюун ухаантай холбоотой “хяналтаас гарсан” тохиолдлууд компаниуд энэ технологийг сахилга баттайгаар удирдаж ирээгүйг харуулж байгаа тул уг хэлэлцээр “маш бага итгэл төрүүлж байна” гэж нэмж хэлсэн байна.

2. Өгөгдлийн төвүүдийн өргөтгөлийг улам эрчимжүүлэх

Трамп мөн хиймэл оюун ухааныг ажиллуулахад зайлшгүй шаардлагатай тооцоолох дэд бүтэц болох өгөгдлийн төвүүдийг эрчимтэй нэмэгдүүлэхийг дэмжиж буйгаа дахин илэрхийлжээ.

Өгөгдлийн төвүүдийг олноор байгуулах нь цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх болон орон нутгийн иргэдэд үзүүлэх нөлөөллийн талаар санаа зовниж буй хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарч буй.

Мөн өгөгдлийн төвүүдийн барилгын асуудал нь арваннэгдүгээр сард болох АНУ-ын завсрын сонгуулийн өмнө Трампын харьяалагддаг Бүгд найрамдах намын хувьд улс төрийн хүндрэл үүсгэж болзошгүй асуудлын нэг болжээ.

Энэ сарын эхээр NPR болон PBS News-тэй хамтран Marist Poll-оос явуулсан санал асуулгаар бүртгэлтэй сонгогчдын 65 хувь нь өөрсдийн оршин суудаг нутаг дэвсгэрт өгөгдлийн төв байгуулахыг эсэргүүцсэн байна.

Эдгээр санаа зовнилын хариуд Трамп "Технологийн компаниуд өгөгдлийн төвүүд баригдсанаар орон нутгийн иргэдийг “сэтгэл хангалуун” байлгахын төлөө ажиллана" гэж мэдэгджээ.

Трамп сэтгүүлчдэд “Эдгээр асар том, хүчирхэг, маш баян, маш ухаалаг компаниуд орон нутгийн иргэдэд асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийх болно” гэж хэлсэн байна. Мөн тэрбээр өмнө нь цахим орчинд өгөгдлийн төв байгуулахыг орон нутаг эсэргүүцэх цорын ганц шалтгаан нь “хоцрогдсон, ядуу хэвээр үлдэхийг хүсэж байгаа” явдал гэж бичиж байжээ.

Хиймэл оюун ухааныг ажиллуулахад зайлшгүй шаардлагатай компьютерийн чип үйлдвэрлэдэг Nvidia компанийн захирал Женсен Хуанг уулзалтын дараа өгөгдлийн төвүүдийг “супер оюун ухааны үйлдвэрүүд” гэж нэрлэх хэрэгтэй хэмээн мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, эдгээр байгууламж нь “АНУ-ыг дахин аж үйлдвэржүүлж”, эдийн засгийн олон салбарт ажлын байр бий болгож байгаа аж.

3. Одоо үүнийг “Супер оюун ухаан” гэж нэрлэнэ

Трамп мөн мягмар гарагт АНУ-ын төрийн яам, агентлагуудад “хиймэл оюун ухаан” гэсэн нэр томьёог цаашид хэрэглэхгүй, харин “SI” болон “Super Intelligence” буюу “Супер оюун ухаан” гэсэн нэршлийг ашиглахыг үүрэг болгосон зарлигт гарын үсэг зуржээ.

Уг зарлигийн дагуу “SI” гэсэн нэр томьёо нь төрийн албан ёсны захидал харилцаа, цахим хуудас, тайлан болон бусад харилцаа холбоонд “AI”-г орлох аж.

Зарлигт “Эдгээр боломжууд улам бүр хөгжихийн хэрээр тэдгээр нь зөвхөн хиймэл оюун ухааныг бус, Супер оюун ухааны шинэ эрин үеийг илэрхийлэх болж байна” гэж дурджээ.

Өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд үг хэлэхдээ Трамп “artificial” буюу “хиймэл” гэсэн үг нь энэ технологийг “хуурамч зүйл мэт” сонсогдуулдаг гэж хэлсэн байна.

Цукерберг, Маск зэрэг технологийн салбарын зарим удирдагчид болон ерөнхийлөгчтэй ойр хүмүүс энэ нэр томьёог хэдийнэ ашиглаж эхэлжээ.

Патерсон технологийн салбарын удирдагчид уг нэршлийг хэрэглэж эхэлсэн нөхцөлд АНУ “нэр томьёог тогтоох хэмжээнд хүрч магадгүй” гэж хэлсэн байна.

Гэхдээ зарим мэргэжилтэн Трамп НҮБ-д үг хэлсний дараа уг нэр томьёо өргөн хүрээнд түгэх магадлал бага гэж үзжээ. Учир нь, “Супер оюун ухаан” гэдэг нэр томьёог ихэвчлэн илүү дэвшилтэт түвшний системүүдийг тодорхойлоход ашигладаг байна.

Эх сурвалж: BBC