Оросын цэргүүд есдүгээр сарын 30-ны лхагва гаргийн шөнө Киев хот болон Киев муж руу пуужин, нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр дахин довтолжээ. Киев мужийн Цэргийн захиргааны дарга Тимур Ткаченкогийн мэдээлснээр, Вышгород хотод нурсан хувийн байшингийн нуранги дороос хүүхдийн цогцос олдсон байна. Мөн нуранги дороос нэг эрэгтэй, нэг эмэгтэй болон нэг хүүхдийг амьд гаргаж авч, эмнэлгийн тусламж үзүүлж байгаа аж.
Ткаченкогийн мэдээлснээр, Киев мужийн Вышгород дүүрэгт хэд хэдэн хувийн байшин эвдэрч, зарим нь бүрэн нурсан байна. Мөн орон сууцны барилга болон гаражуудад гал гарчээ.
Буча дүүрэгт гурван хувийн байшин, 11 автомашин, хоёр агуулахын барилга эвдэрсэн бөгөөд тэнд мөн гал гарсан байна. Үүнээс гадна Буча, Вышгород болон Обухов дүүргүүдийн дэд бүтцийн объектуудад халдлагын улмаас учирсан хохирол бүртгэгджээ.
Киев хотын хувьд ОХУ-ын Зэвсэгт хүчин мөн шөнө баллистик пуужингаар цохилт өгсөн байна. Украины нийслэлийн дарга Виталий Кличкогийн мэдээлснээр, Святошин дүүргийн хувийн орон сууцны хэсэгт гал гарчээ. Оболон дүүрэгт нэг дэлгүүрийн байр шатсан бол Голосеевскийн дүүрэгт агуулахын барилга галд өртсөн байна.
Тэрбээр халдлагын улмаас хоёр хүн гэмтэж бэртсэн бөгөөд тэдний нэг болох эмэгтэйг эмнэлэгт хүргэн эмчилж байгаа гэж мэдээлжээ.
Киев болон Киев мужид өмнө нь өгсөн цохилтууд
Украины нийслэлийн бүс нутаг сүүлийн хэдэн өдөр, шөнө дараалан Оросын халдлагад өртөж байгаа аж. Тухайлбал, есдүгээр сарын 27-нд Киевийн ойролцоох Софиевская Борщаговка тосгонд байрлах “Столичный” захад нисгэгчгүй нисэх төхөөрөмж оногдсон байна.
Украины эрх баригчдын мэдээлснээр, уг халдлагын улмаас хоёр хүн амиа алдаж, 10 хүн шархаджээ. Мөн тэр өдөр Киев хотын хэд хэдэн дүүрэг нисгэгчгүй төхөөрөмжийн халдлагад өртөж, олон арван хүн гэмтэж бэртсэн байна.
Есдүгээр сарын 28-ны шөнө ОХУ-ын Зэвсэгт хүчин Украины нийслэл рүү дахин халдсан бөгөөд нисгэгчгүй төхөөрөмжийн довтолгооны улмаас хэд хэдэн хүн шархаджээ.
Мөн өдрийн цагаар Украины Үндэсний шинжлэх ухааны академийн барилга халдлагад өртөж, хүчтэй гал гарсан байна. Киев хотын дарга Кличкогийн мэдээлснээр, есдүгээр сарын 28-нд болсон халдлагуудын улмаас хоёр хүн амиа алдаж, 26 хүн шархаджээ.
Есдүгээр сарын 29-ний шөнө нийслэл хотод пуужин болон нисгэгчгүй төхөөрөмж хосолсон халдлага болсон байна. Пуужингийн хэлтэрхий орон сууцны барилгын ойролцоо унаж, мөн нэг нисгэгчгүй төхөөрөмж авто зам дээр унажээ. Тухайн үед хүний амь нас хохирсон болон гэмтэж бэртсэн тухай мэдээлэл гараагүй байна.
Эх сурвалж: DW