АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп бүгд найрамдахчууд Конгрессын хоёр танхимд хяналтаа хадгалвал насанд хүрсэн америк иргэн бүрд 5000 ам.доллар олгох амлалтынхаа талаар дахин мэдэгджээ.
Трамп есдүгээр сарын 28-нд Цагаан ордонд болсон арга хэмжээний үеэр уг мөнгийг импортын бараанд ногдуулж буй гаалийн тарифын орлогоос санхүүжүүлэх боломжтой гэж тайлбарласан байна. Түүний хэлснээр, тарифын орлого жилд хэдэн зуун тэрбум ам.долларт хүрч байгаа аж.
Тэрбээр есдүгээр сарын 9-нд Бүгд найрамдах намын дунд хугацааны сонгуулийн хурлын үеэр анх 5000 ам.доллар олгох талаар амласан нь арваннэгдүгээр сарын 3-ны Конгрессын завсрын сонгуультай холбоотой байр суурийн нэг хэсэг болсон байна.
Гэхдээ уг амлалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээ болон тарифын орлогын талаар эдийн засгийн тооцоолол зөрж буй аж.
АНУ-ын Tax Foundation судалгааны байгууллагын тооцоогоор, насанд хүрсэн 250 сая хүнд тус бүр 5000 ам.доллар олговол нийтдээ 1.25 их наяд ам.доллар шаардлагатай юм байна.
Харин шинэ тарифуудаас 2027 онд орох цэвэр орлого ойролцоогоор 125 тэрбум ам.доллар байх тооцоо гарсан нь амласан төлбөрийн зардлын аравны нэг орчим аж. Тус байгууллагын тооцооллоор, зөвхөн тарифын орлогоор санхүүжүүлвэл уг хэмжээний мөнгийг бүрдүүлэхэд бараг арван жил шаардагдах юм байна.
Эх сурвалж: UNILAD, TAX FOUNDATION, REUTERS