НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте "ОХУ Европт явуулж буй гэх 'эрлийз ажиллагаа'-гаараа НАТО-гийн эв нэгдэл, Украиныг дэмжих байр суурийг сулруулж чадсангүй" гэж мэдэгджээ.
Тэрбээр есдүгээр сарын 29-нд Брюссельд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "ОХУ НАТО-гийн орнуудын шийдвэртэй байдлыг сулруулж, Украиныг дэмжих дэмжлэгийг зогсоохыг зорьж байгаа ч энэ нь амжилтад хүрэхгүй байна" гэж хэлсэн аж.
Рютте мөн НАТО цаашид Украиныг илүүтэй дэмжих байр суурьтай байгааг онцолж, холбоотон орнуудыг тайван байж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг уриалсан байна.
Сүүлийн үед Европын орнуудад кибер халдлага, хорлон сүйтгэх ажиллагаа, дроны холбогдолтой хэрэг зэрэг эрлийз заналхийлэлтэй холбоотой тохиолдлууд гарч байгаа аж. НАТО-гийн Европ дахь дээд командлагч Алексус Гринкевич мөн ийм ажиллагаа Украиныг дэмжих холбоотнуудын байр суурийг өөрчлөх зорилгодоо хүрээгүй талаар мэдэгдсэн байна.
Үүний зэрэгцээ Европын зарим улс ОХУ-ыг тодорхой халдлага, хорлон сүйтгэх ажиллагаатай холбон буруутгаж байгаа боловч Москва эрс няцаасаар буй аж. Тухайлбал,
Эстонийн эрх баригчид тус улсын батлан хамгаалах салбарын Milrem Robotics компанийн байранд гарсан гал түймэрт ОХУ оролцсон гэж мэдэгдсэн бол Кремль ийн буруутгаж буйг хүлээн зөвшөөрөөгүй байна.
Эх сурвалж: DW, REUTERS