ОХУ-д электрон тамхи буюу вейпийг үйлдвэрлэх, импортлох болон жижиглэн худалдаалахыг холбооны хэмжээнд бүрэн хориглох санал гарчээ.
Тус санаачилгыг “Общественная потребительская инициатива” буюу Олон нийтийн хэрэглэгчийн санаачилга байгууллага (ОНХСБ)-аас гаргаж, ОХУ-ын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Сангийн яам болон холбогдох бусад байгууллагад хүргүүлсэн байна.
ОХУ-ын Сангийн яам уг хүсэлтийг хүлээн авч, тогтоосон журмын дагуу хэлэлцэхээ мэдэгджээ.
Бүс нутгийн хориг хангалтгүй гэж үзэж байна

Одоогийн байдлаар ОХУ-д вейпийн худалдааг улс даяар бүрэн хориглосон зохицуулалт байхгүй аж. Харин хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу 2027 оны гуравдугаар сарын 1-нээс ОХУ-ын бүс нутгууд өөрийн нутаг дэвсгэрт вейпийн худалдааг хориглох эрхтэй болох юм байна.
Пермийн хязгаар, Нижегород муж болон Хойд Осет-Алани зэрэг зарим бүс нутаг ийм хязгаарлалт хэрэгжүүлж эхэлсэн бол өөр олон бүс нутаг ижил арга хэмжээ авах боломжийн талаар хэлэлцэж байгаа аж.
Санаачилга гаргагчдын үзэж байгаагаар, бүс нутгаар ялгаатай зохицуулалт хийх нь хангалтгүй бөгөөд нэг бүс нутагт хориглосон бүтээгдэхүүн хөрш бүс нутгаас дамжин орж ирэх боломжтой юм байна.
Тэд мөн Казахстан 2024 онд, Узбекистан болон Киргизстан 2025 онд электрон тамхины эргэлтийг бүрэн хориглосныг дурджээ.
Өсвөр үеийнхний хэрэглээ нэмэгдэж байгаад анхаарчээ
Олон нийтийн хэрэглэгчийн санаачилгын мэдээлэлд дурдсанаар, 2023-2024 онд 15-17 насны өсвөр үеийнхний дунд вейпийн хэрэглээний тархалт 27 хувьд хүрчээ.
Тус байгууллага вейпийн хэрэглээ нэмэгдэж буй нь ирээдүйд хүн амын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар болон эрүүл мэндийн зардалд нөлөөлж болзошгүй гэж үзсэн байна.
Мөн ОНХСБ-ын тэргүүн Олег Павлов ОХУ-ын Росстатын мэдээллийг иш татан, сүүлийн дөрвөн жилд залуучуудын дундах хавдрын өвчлөл 25 хувиар өссөн гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, энэ өсөлт болон вейпийн хэрэглээний хоорондын асуудлыг анхааралтай авч үзэх шаардлагатай аж.
Холбогдох байгууллагуудын байр суурь
Вейпийг улс даяар бүрэн хориглох санаачилгыг ОХУ-ын Холбооны зөвлөлийн зарим гишүүн болон Төрийн думын Эрүүл мэндийг хамгаалах хорооны төлөөлөгчид дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Сенатор Александр Лутовинов бүс нутгуудад хориг тавих боломж олгосон нь чухал алхам боловч дараагийн шатанд холбооны хэмжээнд нэгдсэн шийдвэр гаргах шаардлагатай гэж үзсэн байна.
Төрийн думын Эрүүл мэндийг хамгаалах хорооны дэд дарга Алексей Куринный мөн "Бүс нутгийн түвшний хязгаарлалт нь бүтээгдэхүүнийг өөр бүс нутаг руу шилжүүлэх, хууль бус худалдааг нэмэгдүүлэх эрсдэлтэй" гэж мэдэгджээ.
Харин Үндэсний судалгааны их сургуулийн Эдийн засгийн дээд сургуулийн судалгааны төвийн захирал Георгий Остапкович "ОХУ ЕАЭЗХ-ны бусад гишүүн орнуудтай уялдсан шийдвэр гаргах шаардлагатай болж болзошгүй" гэж тайлбарласан байна.
Вейпийн бүрэн хориг хэзээ хэрэгжих вэ?
Одоогийн байдлаар ОХУ-д вейпийг улс даяар бүрэн хориглох тухай хууль батлагдаагүй байна. Харин 2027 оны гуравдугаар сарын 1-нээс бүс нутгууд өөрийн нутаг дэвсгэрт электрон тамхи худалдаалахыг хориглох эрхтэй болох зохицуулалт хүчин төгөлдөр болох нь.
Үүний зэрэгцээ вейпийн үйлдвэрлэл, импорт, худалдааг холбооны хэмжээнд бүрэн хориглох тухай шинэ хууль боловсруулах асуудлыг санаачилга гаргагчид Засгийн газар болон холбогдох яамдад тавьжээ.
Эх сурвалж: IZ