Их Британийн 11 настай шатарчин Бодхана Сиванандан эмэгтэйчүүдийн шатрын их мастер (WGM) цол хүртсэн түүхэн дэх хамгийн залуу шатарчин болжээ.

Олон улсын шатрын холбоо (ФИДЕ)-ны мэдээлснээр, Б.Сиванандан эмэгтэйчүүдийн шатрын их мастер цол авахад шаардлагатай гурван нормын сүүлчийнхийг биелүүлснээр ийнхүү түүхэн амжилтын эзэн болсон аж.

Тэрбээр Узбекистаны Самарканд хотод зохион байгуулагдсан Шатрын 46 дугаар олимпиадад Английн шигшээ багийн бүрэлдэхүүнд оролцож, нэгдүгээр ширээнд тоглосон байна.

Лондон хотын баруун хойд хэсэгт амьдардаг Бодхана Сиванандан өмнө нь Их Британийн хамгийн залуу шатрын аварга болж байсан, мөн шатрын спортын бүх төрлөөр олон улсын тэмцээнд Английг төлөөлөн оролцсон хамгийн залуу шатарчин болж байжээ.

Самаркандын олимпиадын үеэр тэрбээр Английн шигшээ багийн нэгдүгээр ширээнд бүх 11 өрөгт тоглосон байна. Энэ нь Б.Сиванандан багийнхаа хамгийн хүчтэй өрсөлдөгчидтэй тоглосон гэсэн үг бөгөөд нэгдүгээр ширээний тоглолтыг ихэвчлэн шигшээ багийн тэргүүлэх шатарчдад хариуцуулдаг байна.

Тэрбээр олимпиадад нийт зургаан хожил, дөрвөн тэнцээ, нэг хожигдол үзүүлж, найман оноо авчээ. Б.Сиванандан үүнээс өмнө эмэгтэйчүүдийн шатрын их мастер цол авахад шаардагддаг 2300 рейтингийн оноонд хэдийнэ хүрсэн байсан аж.

Тэрбээр ФИДЕ-д өгсөн ярилцлагадаа “Энэ амжилтад хүрсэндээ маш их баяртай байна. Гэхдээ би үүгээр зогсохгүй. Цаашид улам их амжилт гаргаж, түүхэн шинэ амжилтууд тогтоохыг хүсэж байна” гэж хэлжээ.

Өмнөх рекордыг хоёр сараар шинэчилжээ

Бодхана Сиванандангаас өмнө эмэгтэйчүүдийн шатрын их мастер цол хүртсэн хамгийн залуу шатарчин нь Екатерина Лагно байв. Тэрбээр анх Украиныг төлөөлөн тоглож байсан бөгөөд хожим ОХУ-ын иргэншил авч, тус улсын нэрийн өмнөөс олон улсын тэмцээнүүдэд оролцох болжээ. Лагно 12 настайдаа эмэгтэйчүүдийн шатрын их мастер цол хүртэж байв.

Мөн Хятадын нэрт шатарчин Хоу Ифань 12 настайдаа эмэгтэйчүүдийн шатрын их мастер цол хүртсэн байна. Хоу Ифань үүгээр зогсохгүй хожим 14 настайдаа эрэгтэй, эмэгтэй шатарчдад адилхан олгодог их мастер (GM) цол хүртсэнээр энэ цолыг авсан хамгийн залуу шатарчин болсон юм. Түүний энэхүү рекорд одоогийн байдлаар эвдэгдээгүй хэвээр байгаа юм.

Өдгөө 11 настай Бодхана Сиванандан эмэгтэйчүүдийн шатрын их мастер цол хүртсэн насны рекордыг шинэчилснээр дэлхийн шатрын ертөнцөд нэрээ түүхэнд үлдээлээ.

Эх сурвалж: FIDE, BBC