Украины нийслэл Киев хотын төвд байрлах Украины Үндэсний шинжлэх ухааны академийн төв байр есдүгээр сарын 28-нд дроны цохилтод өртөж, барилгын хоёр болон гуравдугаар давхар ихээхэн эвдэрч, гал гарсан байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн мэдээлснээр, уг халдлагын үеэр нэг хүн амиа алдаж, зургаан хүн гэмтсэн бөгөөд тэдний дунд гурван хүүхэд байгаа аж. Аврах алба гал түймрийг унтрааж, нурсан хэсгийг цэвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн байна.

Академийн хэвлэлийн албаны мэдээлснээр, дрон барилгын хашаа талаас шууд тусаж, хоёр давхар хэсэгт их хэмжээний эвдрэл үүсгэжээ. Ойролцоох барилгуудын цонх, хаалга мөн тэсрэлтийн долгионд өртсөн байна.

Тус барилгад академийн удирдлага болон шинжлэх ухаан, зохион байгуулалтын нэгжүүдийн 100 гаруй ажилтан ажилладаг аж. Цохилт өгөх үеэр үдийн завсарлага байсан тул ажилтнуудын нэг хэсэг ажлын байрандаа байгаагүй байна.

Академийн мэдээлснээр, нэг ажилтан цохилт болсон өрөөнд байсан, түүнтэй одоогийн байдлаар холбоо тогтоогоогүй байгаа талаар мэдээлжээ. Мөн академийн ажилтан хүнд шархдан эмнэлэгт хүргэгдсэн байна.

Украины тал уг цохилтыг ОХУ-ын дроны халдлага гэж мэдээлж байгаа аж. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский халдлагын дараа мэдэгдэл хийхдээ "Хариу арга хэмжээ авна" гэжээ.

Харин Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен мөн халдлагыг буруушааж, аврагчид болон хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна.

Киевийн Владимирын гудамжны 54 дүгээрт байрлах тус барилга Украины шинжлэх ухааны түүхтэй холбоотой түүхэн байгууламж аж. 1918 онд Украины Шинжлэх ухааны академийг байгуулах үед анхны профессор, эрдэмтдийн нэг хэсэг энэ барилгад байрлаж байжээ. Улмаар 1919 оноос академийн өмчид шилжсэн байна.

Украины Үндэсний шинжлэх ухааны академийн мэдээлснээр, тус байгууллагын харьяанд байдаг олон байгууллага Орос-Украины дайны жилүүдэд янз бүрийн хэмжээгээр хохирол амссан, ялангуяа Харьков хотын шинжлэх ухааны хүрээлэнгүүд ихээхэн эвдэрч сүйджээ.

Эх сурвалж: DW