ОХУ-ын Засгийн газар 2027 оны төсвийн төсөлдөө батлан хамгаалах салбарт 17.1 их наяд рубль зарцуулахаар тусгажээ. Энэ нь 2026 оны төсөвт баталсан 12.9 их наяд рублиэс 32 хувиар өссөн үзүүлэлт аж. Энэ талаар Reuters агентлаг ОХУ-ын Сангийн яамны материалд тулгуурлан мэдээлсэн байна.
Төсвийн төслийн дагуу 2027 онд батлан хамгаалахын зардал холбооны төсвийн нийт зарлагын 35 орчим хувийг эзлэхээр байгаа нь ЗХУ-ын үеэс хойшхи хамгийн өндөр түвшин болохыг Reuters мэдээлжээ.
ОХУ-ын батлан хамгаалахын зардал 2028 онд 16.6 их наяд рубль, 2029 онд 16.3 их наяд рубль байхаар төсөлд тусгасан байна.
Мөн Дотоод хэргийн яам, Росгвард, тусгай албад зэрэг байгууллагын санхүүжилтийг багтаасан үндэсний аюулгүй байдлын зардалтай нийлүүлвэл 2027 онд хүчний байгууллагуудад нийт 21.4 их наяд рубль зарцуулахаар төлөвлөжээ. Энэ нь тус улсын төсвийн нийт зарлагын 43.9 хувь болох аж.
Зардлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ОХУ-ын Засгийн газар уул уурхай, металлургийн болон алт олборлогч компаниудад нэмэлт татвар ногдуулах, зарим иргэдийн пассив орлогод ногдох орлогын албан татварын дээд хэмжээг 22 хувь болгох зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөсөн байна.
Мөн төсвийн алдагдлыг нөхөхийн тулд 2027 онд 7.7 их наяд рублийн өрийн санхүүжилт татахаар тооцоолжээ.
Эх сурвалж: MOSCOW TIMES