Япон улс 11 настай, и-спортын тамирчин Юки Курихараг спортын шинэ одоороо онцолж эхэллээ. Бага ангийн сурагч тэрбээр эх орондоо болж буй Ази тивийн наадмын Puyo Puyo Champions тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртсэн байна.
Курихара финалд БНСУ-ын 24 настай Кан Доншинтой тоглож, 10:2-оор илүүрхжээ. Тэрбээр хагас шигшээд Тайландын 28 настай Танарак Вонгкиткуныг 10:1-ээр ялсан байна. Ийнхүү 11 настай хүү Японы Ази тивийн наадмын түүхэн дэх хамгийн залуу тамирчин төдийгүй тус наадмын хамгийн залуу алтан медальтан болсон талаар мэдээлжээ.
Puyo Puyo Champions нь өнгө өнгийн бөмбөлгүүдийг эгнүүлэн байрлуулж, нийлүүлэн устгах замаар өрсөлддөг эвлүүлдэг тоглоом аж. Курихара уг тоглоомыг бага сургуулийн нэгдүгээр ангид байхдаа тоглож эхэлсэн бөгөөд удалгүй тэмцээнүүдэд оролцож, насанд хүрсэн тоглогчдыг ч ялдаг болжээ. Тэрбээр энэ оны дөрөвдүгээр сард мэргэжлийн тоглогчийн эрх авсан байна.
Тэмцээний турш тэрбээр сандарсан шинжгүй, тун тайван тогложээ. Харин аварга болсныхоо дараа “жаахан ичсэн” учраас баярласнаа төдийлөн илэрхийлж чадаагүйгээ хэлсэн байна. Тэр “Би үнэхээр баяртай байна. Алтан медаль үнэхээр гоё, гялалзсан, бас хүнд юм байна” гэжээ.
Курихара тэмцээний өмнө бэлтгэл хийхдээ могой загас идэх дуртай бөгөөд ирээдүйд галт тэрэгний жолооч болохыг мөрөөддөг тухайгаа ярьжээ. Харин шагналын мөнгөө юунд зарцуулах вэ гэсэн асуултад “Гялалзсан зүйлд дуртай болохоор эрдэнийн чулуу авмаар байна. Цэнхэр өнгөтэйг нь” хэмээн хариулсан байна.
Курихарагийн энэ амжилт Японы хувьд мөн түүхэн үйл явдал болж буй аж. Тэрбээр Ази тивийн наадмын и-спортын төрөлд Японд анхны алтан медалийг авчирчээ.
Өмнө нь Ази тивийн наадмын хамгийн залуу медальтнуудын талаар албан ёсны нэгдсэн бүртгэл байдаггүй байсан ч 2018 онд Индонезийн Бунга Нимас 12 настайдаа скейтбордын төрөлд хүрэл медаль хүртэж, 2022 онд Хятадын Цүй Чэньши 13 настайдаа гудамжны скейтбордын төрөлд алтан медаль авч байжээ.
11-хэн настай Курихарагийн хувьд сургуулийн сурагчийн амьдрал, и-спортын өндөр түвшний өрсөлдөөн хоёр зэрэгцэн үргэлжилж буй аж. Харин одоо түүний нэр Японы спортын шинэ үеийн төлөөлөл болон Ази тивийн наадмын түүхэнд үлджээ.
Эх сурвалж: AFP, JAPAN TODAY