Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар Хятадтай холбоотой эдийн засгийн аюулгүй байдал зэрэг олон асуудлаар цаашид хамтран ажиллахаар тохиролцсон талаар Такаичи мэдэгджээ. Тэрбээр энэ тухайгаа бямба гарагт Трамптай утсаар ярилцсаныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

20 минут үргэлжилсэн утасны ярианы үеэр Трамп энэ долоо хоногт Вашингтонд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хийсэн уулзалтынхаа талаар Японы Ерөнхий сайдад “дэлгэрэнгүй” тайлбарлажээ. Такаичи хоёр улсын удирдагчид нэг долоо хоногийн дотор хоёр удаа, тэр дундаа Нью-Йоркт биечлэн уулзсан нь Япон, АНУ-ын холбоотны харилцаа нягт буйг харуулсан талаар онцолсон байна.

Тэд өмнө нь есдүгээр сарын 22-нд Нью-Йоркт болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр уулзаж, Хятадтай холбоотой асуудлууд, тэр дундаа эдийн засгийн аюулгүй байдал, хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч болон чухал ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцсан аж.

Трамп, Ши нарын пүрэв гарагт болсон уулзалтын үеэр Дэлхийн II дайны үеийн АНУ, Хятадын хамтын ажиллагааны талаар мөн дурдсан байна. Ши Жиньпин хоёр улс тухайн үед “Японы милитарист түрэмгийлэгчдийн эсрэг мөр зэрэгцэн тэмцсэн” хэмээн хэлжээ.

Үүний хариуд Такаичи Япон, АНУ хоёр “харилцан өндөр итгэлцэл бүхий холбоотнууд” болсныг онцолж, бүс нутаг болон дэлхий дахины энх тайван, тогтвортой байдлыг хангахад хоёр улс хамтран хувь нэмэр оруулах байр сууриа Трамптай дахин баталгаажуулсан талаар мэдэгдсэн байна.

Япон, Хятадын харилцаа Такаичи өнгөрсөн арваннэгдүгээр сард Тайванийн асуудлаар мэдэгдэл хийснээс хойш хурцадсан. Тэрбээр Тайваньд халдлага гарвал Японы өөрийгөө хамгаалах хүчний оролцоог шаардах нөхцөл үүсэж болзошгүй гэж хэлсэн нь Бээжингийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан билээ.

Такаичи, Трамп нар өнгөрсөн тавдугаар сард мөн утсаар ярьж, Хятад, эдийн засгийн аюулгүй байдал болон бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцож байв.

Эх сурвалж: KYODO, JAPAN TODAY