Германы Саксони мужийн Дрезден хотын ойролцоох Хайденай хотод нацистын дэглэмийн хохирогчдод зориулсан “Бүдэрч санах чулуу” (Stolpersteine) дурсгалын самбарыг шинээр байрлуулахыг хориглосон шийдвэр гаргасан шүүмжлэл дагуулж байна.
Германы Боловсролын сайд Карин Приен уг шийдвэрийг “шуугиан тарьсан хэрэг” хэмээн нэрлэжээ.
1990-ээд оноос хойш Герман, Австри зэрэг Европын олон оронд нацистуудын хэлмэгдүүлэлт, хядлагын үеэр амь үрэгдсэн еврейчүүд болон бусад хохирогчдын дурсгалд зориулан гудамжинд жижиг хэмжээний гуулин пайз суурилуулж ирсэн байна.
Германаар Stolpersteine хэмээн нэрлэдэг эдгээр дурсгалын пайзыг хохирогчдын өмнө нь амьдарч, ажиллаж байсан байшингийн гаднах явган замд байрлуулах нь түгээмэл бөгөөд ихэвчлэн хандивын хөрөнгөөр бүтээдэг аж.
Харин Хайденай хотын зөвлөлд “Германы төлөө альтернатив” (AfD) нам болон консерватив Христийн ардчилсан холбоо (CDU)-ны төлөөлөгчид дурсгалын чулууг хотод шинээр байрлуулахыг хориглох саналд дэмжлэг үзүүлжээ.
Хотын зөвлөлийн шийдвэрт “Олон иргэн нацистуудын хохирогчдыг ийнхүү дурсах нь зохисгүй гэж үздэг” хэмээн тайлбарласан байна. Цаашид дурсгалын зүйлсийг хотын Нордфридхофын оршуулгын газарт байршуулж, хүмүүс тэдгээрийг шууд гишгэж явах боломжгүй болгох санал гаргажээ.
Гэвч энэ шийдвэрийг CDU-ийн гишүүн, Германы Боловсролын сайд Карин Приен эрс шүүмжилсэн байна.
Тэрээр Bild сонинд “Stolpersteine болон еврейчүүдийн амьдралыг дурссан дурсгалуудыг нийтийн орон зайгаас оршуулгын газар руу шилжүүлж байгаа нь үхлийг амьдралаас дээгүүр тавьж, еврейчүүдийг дахин үл үзэгдэх болгож байна” хэмээн ярьжээ.
Тэрбээр мөн Саксони муж дахь өөрийн CDU нам уг шийдвэрт хариуцлага хүлээх ёстой гэж мэдэгдсэн байна.
Холокостын амьд үлдсэн хүмүүсийн нэг, Мюнхен дэх Еврейн нийгэмлэгийн ерөнхийлөгч Шарлотте Кноблох дурсгалуудыг хотын орчноос зайлуулах нь “туйлын буруу арга” гэж үзжээ. Тэрбээр өөрөө Stolpersteine-ийг дэмждэггүй ч "Дурсамжийг нийтийн орон зайгаас тусгаарлах бус, харин өдөр тутмын амьдралын орчинд шингээх нь түүхээ санах соёлын чухал хэсэг" гэж онцолсон байна.
Stolpersteine-ийн санаачлагч, уран бүтээлч Гюнтер Демниг "AfD сүүлийн жилүүдэд сонгуульд амжилт гаргаж буй нөхцөлд ийм шийдвэр гарахыг “хүлээж болохоор байсан” гэж хэлжээ.
Эдгээр жижиг гуулин чулуунуудын зорилго нь хүмүүсийг явж байхдаа тэдгээртэй “тааралдуулж”, тухайн газар нутагт өмнө нь амьдарч байсан, нацистын хэлмэгдүүлэлтэд өртсөн хүний хувь заяаны талаар бодоход хүргэхэд оршдог байна.
Харин AfD-ийн зарим салбарыг Германы дотоодын тагнуулын байгууллага баруун жигүүрийн хэт даврагч гэж ангилдаг бөгөөд тус нам энэ үнэлгээг эрс няцаадаг аж.
Тус намын эсрэг цагаачлалын бодлого, “Герман нэгдүгээрт” гэсэн байр суурь болон Оростой харилцах асуудлаарх байр суурь нь ялангуяа хуучин Зүүн Германы бүс нутагт дэмжлэг авч буй юм байна.
Эх сурвалж: BBC