Литвийн Ерөнхий сайд Миндаугас Синкявичюстэй хийсэн DW-ийн ярилцлагыг орчуулан хүргэж байна. 

ОХУ, Украины дайн үргэлжилж буй энэ үед Европын холбоо, НАТО-гийн зүүн жигүүрт орших Литва улс аюулгүй байдлын асуудалд онцгой анхаарал хандуулж байгаа ажээ.

Тус улсын Ерөнхий сайд Миндаугас Синкявичюс төрийн аюулгүй байдал зөвхөн цэрэг, зэвсгийн хүчээр хэмжигдэхгүй, харин иргэдийнхээ аюулгүй байдал, төрд итгэх итгэл, нийгмийн тогтвортой байдлыг хамтад нь бэхжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Тэрбээр мөн Украиныг дэмжих Европын орнуудын дэмжлэг суларч болохгүйг онцолжээ.

DW: -Та Сеймийн сонгуулийн дараах Литвийн гурав дахь Ерөнхий сайд болж байна. Улс төрч бүр өөрийн гэсэн зорилго, эрхэмлэх зүйлтэй байдаг. Таны гол зорилго юу вэ?

Миндаугас Синкявичюс: -Миний гол зорилго бол төрөө бэхжүүлэх. Үүнийг би үндсэндээ хоёр чиглэлээр хардаг. Би хүний аюулгүй байдал бол төрийн аюулгүй байдлын суурь гэж үргэлж хэлдэг. Төрийн аюулгүй байдлын тухай ярихдаа зөвхөн батлан хамгаалах салбар, цэргийн болон эрлийз заналхийллийн эсрэг тэсвэртэй байх тухай бус, нийгмийн бүхий л түвшний тогтвортой байдлыг хэлж байна.

Харин хүний аюулгүй байдал гэдэг нь хүн рүүгээ хөрөнгө оруулахыг хэлнэ. Үүнд гэр бүлийн бодлого, хүн ам зүйн асуудлыг шийдвэрлэх зэрэг зүйлс багтана. Бид төрөө бэхжүүлж чадвал парламентын дараагийн сонгууль хүртэлх энэ хоёр жил үр дүнтэй өнгөрнө гэж бодож байна.

DW: -Та Социал демократ намынхаа талаар дурдлаа. Европын баруун хэсэгт, ялангуяа Герман, Францад барууны хэт туйлширсан болон популист хүчнүүдийн дэмжлэг нэмэгдэж байна. Өнөөдөр зүүн төвийн үзэл баримтлалтай улс төрч байх амаргүй болсон мэт. Та энэ хандлагад санаа зовж байна уу?

Синкявичюс: -Санаа зовниж байна. Энэ нь янз бүрийн сонгуулийн үр дүнтэй холбоотой. Ирэх жил ч олон сонгууль болно, тиймээс юу болохыг бид харна. Европ даяар социал демократ намууд амаргүй үеийг туулж буйг бид харж байна.

Гэхдээ Мальт, Испани, Литва, Дани зэрэг оронд социал демократ Ерөнхий сайд нар ажиллаж байна. Шведэд ч нийгмийн итгэлийг дахин олж авч байгаа шинж ажиглагдаж байна. Үүний зэрэгцээ популист болон хэт барууны хүчнүүд Литвад ч сонгогчдын анхаарлыг татахыг эрмэлзэж байна.

DW: -Сүүлийн үед Орос, Беларусиас учирч болзошгүй аюулын талаар олон анхааруулга сонсогдох болсон. Та өнөөгийн аюул заналын түвшнийг хэрхэн үнэлж байна вэ?

Синкявичюс: -Улс төрчдийн хувьд бид нийгэмд үнэнийг хэлэх ёстой. Манай тагнуулын байгууллагууд мэдээллээ өөрсдийн сувгаар бидэнд өгдөг. Дотоодын аюулгүй байдлын болон цэргийн тагнуулын байгууллагууд ч ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар аюул заналын түвшин огцом өөрчлөгдөөгүй. Түгшүүртэй байдал хэвээр байгаа ч нөхцөл байдал эрс муудсан шинж тэмдэг одоогоор алга. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдал долоо хоногийн дараа өөрчлөгдөхгүй гэсэн үг биш. Заримдаа үйл явдал маш хурдан, таагүй чиглэлд өрнөдөг.

Глава правительства Литвы Миндаугас Синкявичус
Литвийн Ерөнхий сайд Миндаугас Синкявичюс. Фото: Denis Kishinevskiy/DW

Бид зөвхөн хил орчимдоо болж буй зүйлтэй тулгараад байгаа юм биш. Беларусаас иргэдийг зохион байгуулалттайгаар хил рүү чиглүүлэх үзэгдэл, цаг уурын бөмбөлөгтэй холбоотой асуудал, мөн Литвийн агаарын орон зайд дрон нэвтрэх тохиолдол гарч байна. Өмнө нь энэ бүхнийг зөвхөн Украины дайнд ойрхон орших зүүн жигүүрийн орнуудын асуудал гэж харж болох байсан бол одоо нөхцөл өөрчлөгдөж байна.

Германы Лайпцигийн нисэх буудалд ч ийм төрлийн хэрэг гарсан. Өөрөөр хэлбэл, улам олон улс ижил төстэй асуудалтай нүүр тулж байна. Энэ нь нийгэмд түгшүүр бий болгож байгаа бөгөөд хүмүүс өөрсдийгөө аюулгүй байгаагаа мэдрэхийг хүсдэг. Үүнийг хангахын тулд бид их зүйл хийж байна.

DW: -Аюулгүй байдлын хамгийн чухал тэргүүлэх чиглэл нь агаарын довтолгооноос хамгаалах салбар гэж та үзэж байна уу?

Синкявичюс: -Тийм. Миний хувьд аюулгүй байдлын хамгийн чухал гурван чиглэлийн нэг нь агаарын довтолгооноос хамгаалах систем юм. Литвийн агаарын орон зай бол НАТО-гийн нийтлэг агаарын орон зай. Литвийн тэнгэр аюулгүй байвал энэ нь НАТО-гийн тэнгэрийн тодорхой хэсэг мөн хамгаалагдаж байна гэсэн үг.

Тиймээс бид хүчин чармайлтаа энэ чиглэлд төвлөрүүлж байна. Латви, Эстонтой ч агаарын хамгаалалтын асуудлыг байнга ярилцдаг. Аюулгүй агаарын орон зай бий болгоход их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай учраас Брюссель ч энэ асуудлаар дэмжлэг хүсэх болно.

DW: Тэгэхээр та дрон болон агаарын хамгаалалтад хөрөнгө оруулах нь танк зэрэг хуурай замын зэвсгээс илүү чухал гэж үзэж байна уу?

Синкявичюс: -Би арай өөрөөр хэлнэ. Олон нийтийн болон мэргэжлийн хүрээнд заримдаа “дрон уу, танк уу?” гэж эдгээрийг хооронд нь сөргүүлэн тавьдаг. Миний хувьд хоёулаа хэрэгтэй. Гэхдээ нэг зүйлийг онцолмоор байна. Нийгэм өөрийгөө аюулгүй гэж мэдрэхгүй, иргэн нь төртэйгөө холбоотой гэдгээ мэдрэхгүй бол дрон ч, танк ч биднийг хамгаалж чадахгүй.

Хэрэв иргэн, төрийн хоорондын энэ холбоо суларвал газар дээр явж байгаа, зогсож байгаа, эсвэл агаарт нисэж буй ямар ч техник улс орныг хамгаалж чадахгүй. Харин эрх чөлөөтэй, улс орондоо итгэдэг хүмүүс өөрсдөө төрийнхөө хамгийн чухал хамгаалалт болдог. Тиймээс бид зөвхөн техник хэрэгсэлд бус, хүмүүстээ ч хөрөнгө оруулах ёстой.

DW: -Барууны хэвлэлүүд дайнаас үүдсэн залхалт нэмэгдэж буй талаар их мэдээлэх болсон. Литва Украиныг дэмжсээр байгаад залхаж байна уу? Та саяхан Киевт очсон. Танай нийгэм өнөөдөр ямар уур амьсгалтай байна вэ?

Синкявичюс: -Би саяхан Луцк, Киевт очиж, улс төрийн удирдагчид, Украины парламентын удирдлага болон Ерөнхий сайдтай уулзсан. Бидний байр суурь тодорхой: бид Украиныг дэмжиж ирсэн, дэмжсээр байгаа, цаашид ч дэмжинэ.

Бид Украиныг дэмжихэд ДНБ-ийхээ дор хаяж 0.25 хувийг зарцуулах үүрэг хүлээсэн. Украины талын тооцооллоор, манай дэмжлэг сүүлийн жилүүдэд ДНБ-ий ойролцоогоор 0.3 хувьд хүрсэн.

Дайнаас тодорхой хэмжээнд залхаж буйг бид ойлгож байна. Гэхдээ би заримдаа өөрөөсөө “Хэрэв европчууд бид дайнаас залхаж байгаа бол Украины ард түмэн юу мэдэрч байгаа бол?” гэж асуудаг.

Украиныг дэмжих дэмжлэг зөвхөн Балтын орнууд, эсвэл НАТО, Европын холбооны зүүн жигүүрийн орнуудаар хязгаарлагдахгүй байгаа нь чухал. Баруун Европын орнууд ч дэмжиж байна. Энэ хүрээнд Германы үүргийг би онцолж хэлмээр байна.

Украины Ерөнхийлөгч Зеленский нэгэнтээ тэмцэл хоёр фронттой гэж хэлсэн. Нэг нь Украины нутаг дахь фронт, нөгөө нь барууны дэмжлэгийн фронт. Барууны дэмжлэгийн фронт мөн тогтвортой, хүчтэй хэвээр байх ёстой. Учир нь, энэ дэмжлэг суларвал Украины фронт дахь нөхцөл байдалд ч нөлөөлөх эрсдэлтэй.

DW: -Литва НАТО-гийн орнуудаас батлан хамгаалахад хамгийн их хөрөнгө оруулж буй улсуудын нэг. Зардал нь ДНБ-ий 5 хувиас давсан. Энэ нь яагаад чухал вэ?

Синкявичюс: -Бид хэнээс ч илүү зарцуулахын төлөө, эсвэл тоогоороо тэргүүлэхийн төлөө өрсөлдөөгүй. Гэхдээ одоогийн санхүүжилтийн түвшнээ хадгалж, “5 хувийн босго”-ыг хэвээр үлдэхээр төлөвлөж байна. 2027 онд батлан хамгаалах болон цэргийн хэрэгцээнд ДНБ-ий 5 болон түүнээс дээш хувийг зарцуулахаар төлөвлөж байгаа юм.

Бид НАТО-гийн гишүүн. НАТО-гийн гэрээний 5 дугаар зүйлд хамтын хамгаалалтын зарчим бий. НАТО бол хамгаалалтын холбоо бөгөөд бид бусдад халдах тухай бус, өөрсдийгөө хамгаалах тухай ярьж байна.

Гэхдээ зөвхөн холбоотнуудадаа найдаж болохгүй. Өөрсдөө ч тодорхой ажлууд хийх хэрэгтэй. Өөрийнхөө аюулгүй байдалд хөрөнгө оруулж байгаа үед түншүүд ч чамайг өөрөөр хардаг.

Тиймээс бид хоёр чиглэлд зэрэг ажиллах ёстой. Нэгдүгээрт, холбоотнуудтайгаа хамтран ажиллаж, түншүүдээ эрэлхийлэх. Хоёрдугаарт, өөрийн орны батлан хамгаалах чадвар, тогтоон барих чадамжид хөрөнгө оруулах.

DW: -Беларусийн талаарх асуултад оръё. Вашингтон, Лукашенкогийн дэглэмийн хооронд яриа хэлэлцээ өрнөж байна. Энэ нөхцөлд Литва ямар байр суурьтай байна вэ? Хоёр улсын харилцаа хэвийн болох боломж бий юу?

Синкявичюс: -Энэ бол зөвхөн Литвийн байр сууриас хамаарахгүй, нэлээд төвөгтэй асуудал. Олон компани, хувь хүн хориг арга хэмжээнд хамрагдсан. Мөн Беларусаас иргэдийг зохион байгуулалттайгаар хил рүү чиглүүлэх асуудалтай бид нүүр тулж байна.

Манай хил өмнө нь хангалттай хамгаалагдаагүй үе байсан. Ажиглалтын тоног төхөөрөмж ч дутмаг байж магадгүй. Бид үүнийг шуурхай засаж, хяналтын системүүд суурилуулсан. Үүний дараа хууль бус бараа зөөвөрлөхөд ашиглагддаг цаг уурын бөмбөлгүүдийн асуудал гарсан. Тэдгээр нь зөвхөн хууль бус бараа зөөвөрлөөд зогсохгүй иргэний нисэхийн үйл ажиллагаанд саад учруулж байсан.

DW: -Энэ асуудал одоо ч үргэлжилж байна уу?

Синкявичюс: Тийм. Одоо ч зогсоогүй.

DW: -Хоёр орны харилцаа цаашид өөрчлөгдөх боломжтой юу?

Синкявичюс: -Боломжтой. Гэхдээ хориг арга хэмжээний гол зорилго нь зан үйлийг өөрчлөхөд оршдог. Хэрэв зан байдал өөрчлөгдөхгүй бол харилцаанд ч одоогийн нөхцөл байдал хадгалагдана.

Одоогийн байдлаар Беларусь улс манай аюулгүй байдалд заналхийлэл учруулахгүй, урьдчилан таамаглах боломжтой хөрш болохыг хүсэж байгаа шинж тэмдэг бид харахгүй байна. Гэхдээ энэ байдал үргэлж ийм байна гэсэн үг биш.

Өнөөгийн нөхцөлд Беларусь Оросыг Украины эсрэг дайнд нь ил болон далд хэлбэрээр дэмжиж буйг бид харж байна. Украины талтай хийсэн ярианы үеэр ч Оросын цэрэг-аж үйлдвэрийн салбарт тусалдаг Беларусийн компаниудыг нэрлэж байсан.

DW: -Өнөөдөр Беларусь, Оросыг нэг улс төрийн организм гэж үзэх ёстой юу, эсвэл тус тусад нь авч үзэх хэрэгтэй юу?

Синкявичюс: -Миний бодлоор тэд тусгаар тогтносон улсууд хэвээр. Гэхдээ улс төрийн түвшинд олон талын нягт хамтын ажиллагаа бий гэдэгт эргэлзэх зүйлгүй. Тэдний харилцаа маш ойр.

Заримдаа Беларусийн удирдагч барууны орнууд болон Оросын ашиг сонирхлын хооронд тэнцвэр барихыг оролдож байгаа мэт харагддаг. Гэхдээ үүнд хэр их чин сэтгэл байгаа, эсвэл хоёр талтай харилцах замаар өөртөө ашиг хүртэх стратеги уу гэдгийг би хэлж мэдэхгүй.

Литва олон жилийн турш Беларусийн сөрөг хүчний төлөөлөгчдийг хүлээн авч ирсэн. АНУ-ын хүчин чармайлтаар суллагдсан болон өмнө нь хоригдож байсан хүмүүсийн зарим нь Вильнюст ирдэг. Одоогийн байдлаар Беларусийн улс төрийн удирдлагад дорвитой өөрчлөлт гарах шинж харагдахгүй байна.

DW: -Беларусийн калийг ойрын хугацаанд Клайпедын боомтоор тээвэрлэхгүй гэж ойлгож болох уу?

Синкявичюс: -Үгүй. Одоогийн байдлаар бид энэ талаар хэлэлцээгүй байна. Хориг арга хэмжээ ирэх оны хоёрдугаар сар хүртэл хүчинтэй. Энэ нь зөвхөн Литвийн шийдвэр биш, Европын холбооны шийдвэр.

Беларусийн хандлага өөрчлөгдөж, өмнөхөөсөө өөрөөр үйл ажиллагаа явуулж эхэлвэл нөхцөл байдал ч өөрчлөгдөх боломжтой. Гэхдээ одоогийн байдлаар ингэж хэлэх үндэслэл алга. Тийм боломжийг бий болгох алхмыг зөвхөн Беларусь өөрөө хийж чадна.

Эх сурвалж: DW