Хэдхэн сарын өмнө Украины дайн Европын ихэнх орны иргэдээс харьцангуй хол мэт санагддаг байв. Харин 2026 оны зун эхэлснээс хойш нөхцөл байдал эрс өөрчлөгдөж, Төв болон Зүүн Өмнөд Европын зарим оронд дрон нисэх, дэлбэрэлт гарах тохиолдол бараг өдөр бүр бүртгэгдэх болжээ.
Украины хилтэй ойролцоо орших Европын орнуудын иргэдэд агаарын довтолгооны дохио улам тод сонсогдох болж, зарим нисэх буудал үйл ажиллагаагаа түр зогсоох, агаарын орон зайгаа хаахад хүрч буй.
Есдүгээр сарын 24-нд нөхцөл байдал дахин хурцдав. Молдав улс нутаг дэвсгэрийнхээ дээгүүр дөрвөн дрон ниссэнийг бүртгэснээс хоёр нь тус улсын нутагт унаж дэлбэрсэн бол гурав дахь дроны хэлтэрхий олджээ.
Румынд мөн хоёр дрон агаарын орон зайг нь зөрчсөний нэг нь Сучава хотын ойролцоо дэлбэрч, Украинтай хиллэдэг боомтыг түр хаасан байна. Польшийн хувьд Украины хил орчимд болсон Оросын цохилтын үеэр НАТО-гийн сөнөөгч онгоцууд хоёр удаа агаарт хөөрч, мөн Украинтай хиллэдэг хоёр боомтын үйл ажиллагааг түр зогсоожээ.
Үүнээс гадна Варшавын өмнөд хэсэгт байрлах Starlink-ийн газрын станцад гал гарч, Польшийн эрх баригчид уг үйл явдлыг хорлон сүйтгэх ажиллагаа байж болзошгүй гэж мэдэгдсэн байна. Гэхдээ уг галын цаана Орос байсан эсэхийг одоогийн байдлаар бүрэн тогтоогоогүй байгаа аж.
Мөн Польшийн талын мэдээлснээр, Оросын Ми-8 цэргийн нисдэг тэрэг тус улсын агаарын орон зайд ойролцоогоор 300 метр нэвтэрч, 42 секунд орчим байсан байна.
Польшийн Ерөнхий сайд Дональд Туск Орос Украиныг төдийгүй Европыг “туйлдуулахыг” зорьж байна гэж мэдэгдсэн бол Молдавын Ерөнхийлөгч Майя Санду "Украины эсрэг хийсэн Оросын цохилтууд Молдавд дахин нөлөөлж, Европын аюулгүй байдалд заналхийлж байна" гэжээ.
Молдав улс Румын болон Украинтай хамтран агаарын орон зайгаа хамгаалах арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа ч дроныг устгах хангалттай өөрийн хэрэгсэл одоогоор байхгүй байгаа аж.
Румын болон Балтын орнуудын эрх баригчид ч агаарын орон зай зөрчигдөх, дронтой холбоотой осол, халдлага нэмэгдэж буйд анхаарал хандуулж буй юм байна. Харин Данийн албаныхан Орос улс ойрын саруудад Европ болон НАТО-гийн орнуудын эсрэг “илүү олон удаагийн, илүү ноцтой үр дагавартай” эрлийз ажиллагаа явуулах эрсдэл нэмэгдэж болзошгүй гэж анхааруулжээ.
Украины дайны нөлөө зөвхөн фронтын шугамаар хязгаарлагдахгүй, хөрш орнуудын агаарын орон зай, хил, дэд бүтцийн аюулгүй байдалд ийн улам ойрхон мэдрэгдэх болсон нь Европын орнуудыг түгшээж буй аж.
Эх сурвалж: DW