АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээр хийж, Украины дайныг зогсоох тохиролцоонд хүрэхийг уриалжээ.
Трамп есдүгээр сарын 26-нд сэтгүүлчдэд хандаж хэлэхдээ, “Би түүнийг Путинтэй тохиролцоосой гэж хүсэж байна. Мөн Путиныг ч түүнтэй тохиролцоосой гэж хүсэж байна” хэмээн мэдэгдсэн байна.
Тэрбээр дайны улмаас сар бүр хэдэн арван мянган хүн амиа алдаж байгааг хэлээд, хохирлын дийлэнхийг цэргийн алба хаагчид эзэлж буй талаар дурджээ.
Трампын хэлснээр, өнгөрсөн сард 25 мянга, өмнөх сард 32 мянга, түүний өмнөх сард 33 мянган хүн амиа алдсан байна. Тэрбээр мөн Украины дайныг зогсоох асуудлаар өвөл болохоос өмнө дипломат тохиролцоонд хүрч магадгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.
Сүүлийн өдрүүдэд Трамп Зеленскийтэй уулзаж, дайныг дипломат аргаар шийдвэрлэх асуудлаар ярилцаж, АНУ-аас Орос, Украины хооронд хэлэлцээ хийхийг идэвхтэй дэмжиж буйгаа мэдэгдсэн.
Харин Москва, Киевийн хоорондын хэлэлцээний нөхцөл болон уулзалт хаана, ямар хүрээнд болох асуудал одоогийн байдлаар маргаантай хэвээр байна.
Эх сурвалж: DW