1950-1953 оны Солонгосын дайны үеэр гэр бүлээсээ тусгаарлагдаж, Умард Солонгост төрөл садантай болсон Өмнөд Солонгосын иргэдийн тоо жил ирэх тусам цөөрсөөр байгаа аж.
Өмнөд Солонгосын Нэгдлийн яамны мэдээлэлд "Өнгөрсөн наймдугаар сарын эцсийн байдлаар, Умард Солонгост гэр бүл, төрөл садан нь байгаа хэмээн нийт 134,848 хүн бүртгүүлсэн боловч тэднээс ердөө 32,948 хүн амьд үлдсэн" гэж дурджээ.
Амьд байгаа хүмүүсийн гуравны хоёр нь 80 болон түүнээс дээш насныхан байгаа аж. Тодруулбал, 80-89 насны 10,945 хүн, 90-ээс дээш насны 11,007 хүн буй юм байна. Мөн Умард Солонгост гэр бүл, төрөл садантай тусгаарлагдсан иргэдээс жил бүр ойролцоогоор 3000 хүн нас барж байгаа нь гэр бүлүүдийг уулзуулах асуудал яаралтай болохыг харуулжээ.
Өмнөд Солонгосын эрх баригч Ардчилсан намын гишүүн Ү Воншиг “Тусгаарлагдсан гэр бүлүүдэд үлдсэн хугацаа бага байна. Тиймээс Умард Солонгос болон АНУ-ын хооронд яриа хэлэлцээ дахин эхэлсэн тохиолдолд хоёр Солонгосын салсан гэр бүлүүдийг уулзуулах асуудлыг нэн тэргүүнд хэлэлцэхээр Нэгдлийн яам одооноос бэлтгэх хэрэгтэй” гэж мэдэгджээ. Тэрбээр өөрөө мөн Умард Солонгост гэр бүлтэй аж.
Солонгосын дайн олон мянган гэр бүлийг хоёр талд тусгаарласан боловч хоёр Солонгосын харилцааны хурцадмал байдал үргэлжилж буй нь тэднийг дахин уулзуулахад хүндрэл учруулах болжээ. Өмнөд Солонгосоос тусгаарлагдсан гэр бүлүүдийн уулзалтыг хамгийн сүүлд 2018 оны наймдугаар сард зохион байгуулсан бөгөөд түүнээс хойш ийм уулзалт дахин болоогүй байна.
Эх сурвалж: YONHAP