Мэс засал хийлгэсэн, гэмтэл авсан, архаг өвдөлттэй болсон, эсвэл үүнтэй төстэй шалтгаанаар нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон үед хамгийн чухал зүйлсийн нэг нь зөв амрах, хөдөлгөөнөө тохируулах байдаг.

Эмч нарын үзэж буйгаар, хэт удаан амрах, хөдөлгөөнгүй байх нь эдгэрэлтийг хурдасгах бус харин удаашруулж болзошгүй аж.

АНУ-ын Хоаг ортопедийн хүрээлэнгийн спортын анагаах ухааны мэс засалч доктор Дэвид Газзанига "Хөдөлгөөнгүй байхаас илүүтэйгээр зохистой хөдөлгөөн нь зөөлөн эдийг хурдан бөгөөд бат бөх эдгээхэд тусалдаг" гэж тайлбарлажээ.

Хэт удаан хөдөлгөөнгүй байх нь ямар эрсдэлтэй вэ?

Cedars-Sinai-ийн спортын анагаах ухааны мэргэжилтэн доктор Кларинда Хоугены хэлснээр, хүн хөдөлгөөнгүй байснаас хэдхэн хоногийн дотор булчингийн масс болон хүч буурч эхэлдэг байна.

Ялангуяа нас ахих тусам алдсан булчингийн хүчийг буцаан сэргээхэд илүү хэцүү болдог аж. Мөн удаан хугацаанд хөдөлгөөнгүй байх нь цусны бүлэгнэл үүсэх, удтал хөдөлгөөнгүй байснаас дарагдсан хэсэгт арьс, эд гэмтэж, даралтын шарх үүсэх, үе мөч хөшиж хөдлөх чадвар буурах зэрэг нэмэлт хүндрэл дагуулж, нөхөн сэргээх үйл явцыг улам удаашруулж болзошгүй юм байна.

Иймд эмч нар гэмтэл авсны дараа шууд хүнд дасгал хийх шаардлагагүй ч боломжийн хэмжээнд зөөлөн хөдөлгөөн хийх нь чухал болохыг зөвлөжээ.

Амрах уу, хөдөлгөөн хийх үү?

Энэ нь гэмтлийн төрөл, хүнд байдлаас шалтгаалах нь. Доктор Хоуген хөнгөн зөөлөн эдийн гэмтлийн үед хэдхэн хоногийн дараа нөхөн сэргээх хөдөлгөөнөө эхлүүлж болох бол илүү хүнд суналт, хугарлын үед нэгээс хоёр долоо хоног хүлээх шаардлагатай байж болохыг хэлсэн байна.

Доктор Газзанига "Зөөлөн эдийн гэмтлийн дараа 72 цагаас илүү хугацаагаар хөдөлгөөнгүй байхгүй байх нь зүйтэй" гэж зөвлөжээ.

Нөхөн сэргээх эмчилгээний мэргэжилтнүүдийн зөвлөмжид өвдөлтөө ажиглан, даах хэмжээнд хөдөлгөөн хийх, өвдөлт 10 онооны шаталбараар 1-2-оос хэтрэхгүй байх, гэмтлийн дараа удаан, хяналттай сунгалтын дасгал хийх, өдөр тутмын энгийн хөдөлгөөнөөс эхэлж, ачааллыг бага багаар нэмэх, унтаж амрах болон зөв хооллолтод анхаарах зэрэг багтжээ.

Мэргэжилтнүүд "Толгойн гэмтэл буюу доргилтын үед ч шинж тэмдгийг нэмэгдүүлэхгүй хөнгөн хөдөлгөөн нь эдгэрэлтийг дэмжих боломжтой" гэж тайлбарласан байна.

Мөн архаг өвдөлт, үе мөчний зарим эмгэгийн үед бүрэн хөдөлгөөнгүй байх шаардлагагүй бөгөөд зохистой хөдөлгөөн нь үе мөчний үйл ажиллагаанд тустай аж.

Хөдөлгөөнөө хэрхэн эхлүүлэх вэ?

Эмч нар нөхөн сэргээх үед дараах төрлийн хөдөлгөөнийг тохиромжтой гэж зөвлөжээ. Үүнд:

  • Аюулгүй хэмжээнд жин даах дасгал
  • Үе мөчний хөдөлгөөний хүрээг аажмаар нэмэгдүүлэх
  • Мэргэжлийн физик эмчилгээний эмчтэй хамтран ажиллах
  • Удаан, зөөлөн сунгалт хийх
  • Эхлээд булчинг изометрийн буюу хөдөлгөөнгүй агшилтаар ажиллуулж, дараа нь идэвхтэй хөдөлгөөнд шилжих

Гэхдээ гэмтэл бүр өөр тул нэг хүнд тохирох дасгал нөгөө хүнд тохирохгүй байж болно. Хөдөлгөөн хийсний дараа өвдөлт, зовиур нэмэгдэж байвал эмч, физик эмчилгээний мэргэжилтэнд хандах хэрэгтэй.

Доктор Хоуген нөхөн сэргээх эмчилгээний гол зарчмыг “Хөдөлгөөн бол эм” хэмээн тодорхойлжээ.

Эх сурвалж: PARADE