Английн Премьер лигийн санхүүгийн дүрэм зөрчсөн гэх 115 зөрчлийн хэргийн дийлэнхэд нь буруутай гэж үзсэн шийдвэр гарсан гэх мэдээлэлтэй холбоотойгоор “Манчестер Сити” клуб түүхэн хэмжээний шийтгэл хүлээх нөхцөл үүсээд байна.

Тус клубийг 2009-2018 оны хооронд Премьер лигийн санхүүгийн дүрэм зөрчсөн, мөн лигийн явуулсан мөрдөн шалгах ажиллагаатай хамтран ажиллаагүй гэх үндэслэлээр нийт 115 зүйл ангиар буруутгасан билээ.

2026 оны есдүгээр сарын 25-нд гарсан мэдээллүүдэд хараат бус шүүх бүрэлдэхүүн дээрх 115 зөрчлийн 114-т нь “Манчестер Сити”-г буруутай гэж үзсэн гэж мэдээлжээ. Уг мэдээллийг The Athletic, The Times зэрэг Британийн хэвлэлүүд анх нийтэлсэн бөгөөд Премьер лиг одоогийн байдлаар уг шийдвэрийг албан ёсоор тайлбарлаагүй байгаа аж.

Найман жилийн маргааны дараах шийдвэр

“Манчестер Сити”-гийн эсрэг мөрдөн шалгах ажиллагаа олон жил үргэлжилсэн. Тус луб 2023 оны хоёрдугаар сард 115 зөрчлийн талаар албан ёсоор ял сонссон билээ.

Хэрэгт клуб 2009-2018 оны хооронд санхүүгийн мэдээллээ үнэн зөв, бүрэн хүргүүлээгүй, ивээн тэтгэгчийн орлого болон зарим санхүүгийн мэдээллийг зохих ёсоор тайлагнаагүй, мөн Премьер лигийн мөрдөн шалгах ажиллагаатай хамтран ажиллаагүй гэх асуудлууд багтсан байна.

Мөн зарим зүйл анги нь дасгалжуулагчдын цалин хөлсийг бүрэн мэдээлээгүй, УЕФА-гийн санхүүгийн дүрэмтэй холбоотой шаардлагуудыг биелүүлээгүй гэх асуудлыг хамарчээ.

Хэргийг хэлэлцсэн хараат бус, гурван хүний бүрэлдэхүүнтэй комиссын сонсгол 2024 оны есдүгээр сарын 16-наас арванхоёрдугаар сарын 6-ныг хүртэл Лондонд үргэлжилж, нийт 12 долоо хоногийн турш хэргийг хэлэлцсэн байна.

Ямар шийтгэл хүлээж болох вэ?

Хэрэв шийдвэр эцэслэн хүчин төгөлдөр болвол “Манчестер Сити”-д оноох шийтгэл хэд хэдэн хувилбартай байна.

Премьер лигийн дүрмийн дагуу:

  • мөнгөн торгууль ногдуулах;
  • лигийн онооноос хасах;
  • тодорхой хугацаанд тэмцээнээс түдгэлзүүлэх;
  • бүр цаашлаад Премьер лигээс хасах

зэрэг арга хэмжээ авах боломжтой байна. Премьер лиг санхүүгийн дүрэм зөрчсөн тохиолдол бүрт адилхан үйлчлэх тогтсон шийтгэлийн шатлал одоогоор байхгүй бөгөөд шийдвэрийг тухайн хэргийг хэлэлцэж буй хараат бус бүрэлдэхүүн гаргах аж.

Иймд клубыг Премьер лигээс хасах эсэх, хэдэн оноо хасах, эсвэл ямар хэмжээний торгууль ногдуулах нь одоогийн байдлаар тодорхой болоогүй байна.

Цом, аваргын төлөөх маргаан ч сөхөгдөж байна

Хэрэв шийтгэл нь өнгөрсөн улирлуудад буцаан үйлчлэх байдлаар хэрэгжвэл “Манчестер Сити”-гийн өмнө нь хүртсэн цом, аваргын асуудал ч яригдах боломжтой аж.

Гэхдээ одоогийн байдлаар тус клубийн түрүүлсэн аваргуудыг хураах тухай эцсийн шийдвэр гараагүй. Премьер лигийн дүрэмд оноо хасах, торгох, тэмцээнээс хасах зэрэг шийтгэл тодорхой туссан боловч өмнөх аваргын цолыг хүчингүй болгох асуудал тусгайлан хэрхэн хэрэгжих нь эцэслэн тогтоогдоогүй байна.

“Манчестер Сити” давж заалдах төлөвтэй

Клубээс өөрсдийг нь буруутгаж буй үндэслэлүүдийг анхнаасаа няцааж ирсэн бөгөөд одоогийн байр суурь нь өөрчлөгдөөгүй байгаа аж.

“Манчестер Сити”-гийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, Премьер лигийн процесс “үргэлжилж байгаа бөгөөд шийдвэрлэх ёстой чухал асуудлууд үлдсэн”, бүх ажиллагаа нууцлалын хүрээнд явагдаж буй юм байна.

Клуб мөн мөрдөн шалгах ажиллагааны шударга, хараат бус байдлыг хангасан байх ёстой гэсэн байр сууриа илэрхийлжээ..

Хэрэв хараат бус комиссын шийдвэр албан ёсоор мэдэгдэж, талуудын аль нэг нь давж заалдвал дараагийн шатны ажиллагаа эхэлнэ. Премьер лигийн дүрэмд шүүхийн шийдвэрийг давж заалдах хүсэлтийг шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор гаргах зохицуулалт бий аж.

Английн хөлбөмбөгийн хамгийн том сахилгын хэргүүдийн нэг

“Манчестер Сити”-гийн хэрэг нь зөвхөн нэг клубийн санхүүгийн асуудлаар хязгаарлагдахгүй, Премьер лигийн санхүүгийн хяналт, клубүүдийн өрсөлдөөний шударга байдалтай холбоотой томоохон асуудал болж байна.

Клуб 2008 онд Шейх Мансур бин Зайед Аль Нахяны эзэмшилд шилжсэнээс хойш Английн хөлбөмбөгийн хамгийн амжилттай багуудын нэг болсон. Харин одоо олон жилийн турш үргэлжилсэн санхүүгийн маргааны шийдвэр нь клубийн ирээдүйд төдийгүй Премьер лигийн дүрэм, сахилгын тогтолцоонд ч томоохон нөлөө үзүүлж болзошгүй байна.

Эх сурвалж: BBC