АНУ-ын эрх баригчид Украинд үзүүлэх 400 сая ам.долларын цэргийн тусламжийн багцад Patriot агаарын довтолгооноос хамгаалах системийн сөнөөгч пуужингуудыг оруулахгүй байхаар шийдвэрлэсэн талаар Reuters агентлаг эх сурвалжуудаас эш татан мэдээлжээ.

Reuters-ийн мэдээлснээр, Дональд Трампын засаг захиргаа Украинд цэргийн тусламж үзүүлэхэд зориулан батлагдсан 400 сая ам.долларын хөрөнгийг АНУ-ын энэ оны санхүүгийн жил дуусахаас өмнө ашиглах үүрэг хүлээсэн байна.

Тус улсын санхүүгийн жил есдүгээр сарын 30-нд дуусдаг. Гэхдээ уг тусламжийн хүрээнд нийлүүлэх зэвсэг, хуягт техник болон бусад тоног төхөөрөмжийг Украинд 2029 оны аравдугаар сар хүртэл нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Эх сурвалжуудын нэгийн мэдээлснээр, дээрх тусламжийн багцад Patriot системийн сөнөөгч пуужин багтаагүй байна. Украины тал эдгээр пуужинг нийлүүлэх хүсэлт тавьсан боловч тус хүсэлт багтсангүй гэж Reuters мэдээлжээ.

400 сая ам.долларын тусламжийн асуудал

Reuters агентлаг өнгөрсөн долдугаар сард "АНУ-ын засаг захиргаа Конгресст хууль тогтоогчдын өмнө нь баталсан, Украинд олгох 400 сая ам.долларын цэргийн тусламжийг 2028 оны аравдугаар сарын эхнээс 2029 оны есдүгээр сарын эцэс хүртэлх хугацаанд нийлүүлж дуусгах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн" гэж мэдээлж байв.

Харин Иллинойс мужаас сонгогдсон Ардчилсан намын сенатор Дик Дурбин өмнө нь "Конгрессоор батлагдсан хэдий ч АНУ-ын засаг захиргаа Украинд олгох 400 сая ам.долларын тусламжийг нийлүүлэхээс татгалзаж байна" гэж мэдэгдэж байжээ.

Эх сурвалж: TASS