АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Вашингтонд болсон БНХАУ-ын дарга Ши Жиньпиний төрийн айлчлалын үеэр Орос, Хятад, АНУ гурван улсын оролцоотойгоор зэвсэглэлд хяналт тавих асуудлаар гурван талт хэлэлцээ хийхийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Энэ талаар Цагаан ордноос нийтэлсэн баримт бичгүүдэд дурдсан байна.
Цагаан ордноос БНХАУ-ын удирдагчийн АНУ-д есдүгээр сарын 23-наас 25-ны өдрүүдэд хийсэн айлчлалын дүнгээр гаргасан мэдээллийн материалд “Ерөнхийлөгч АНУ, Орос, Хятадын хооронд зэвсэглэлд хяналт тавих асуудлаар гурван талт хэлэлцээ хийхийг дэмжсэн” гэж тэмдэглэжээ.
Мөн уг баримт бичигт АНУ-ын Ерөнхийлөгч болон БНХАУ-ын дарга нар “дэлхийн цаг үеийн тулгамдсан асуудлуудыг”, тэр дундаа Орос, БНАСАУ болон Ирантай холбоотой асуудлуудыг хэлэлцсэн гэж мэдээлсэн байна.
Түүнчлэн хоёр тал “Иран улс хэзээ ч цөмийн зэвсэгтэй болох ёсгүй бөгөөд олон улсын усан замд ямар ч улс орон, байгууллага төлбөр хураамж авахыг зөвшөөрөх ёсгүй” гэдэг дээр санал нэгджээ.
Цагаан ордон өмнө нь ч хэд хэдэн удаа Орос, АНУ-ын хооронд байгуулж болох шинэ тохиролцоонд Хятадыг оролцуулахыг зорьж байгаагаа мэдэгдэж байв.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио мөн “XXI зуунд жинхэнэ утга бүхий зэвсэглэлд хяналт тавих тогтолцоог Хятадыг харгалзан үзэхгүйгээр хэрэгжүүлэх боломжгүй” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: TASS