Киев хотын дарга Виталий Кличко "ОХУ-ын зэвсэгт хүчин есдүгээр сарын 25-нд Украины нийслэл Киев хотод дроноор цохилт өгсний улмаас 7 хүн амиа алдаж, 59 хүн шархадсан" гэж мэдээлжээ. Шархадсан хүмүүсийн хоёр нь хүүхэд бөгөөд 25 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэдний нэгийнх нь биеийн байдал хүнд байгаа талаар мэдээлсэн байна.

Өдрийн цагаар болсон халдлагын үеэр Киевийн Соломянский дүүрэгт дрон оффисын барилгыг оножээ. Үүний улмаас барилгын фасад эвдэрч, цонхнууд хагарч, ойролцоох зогсоолд автомашинууд шатсан байна.

Уг барилгад цохилт өгсний улмаас дөрвөн хүн амиа алдаж, долоон хүн шархадсаны дотор нэг хүүхэд байжээ. Киевийн цагдаагийн мэдээллээр, амь үрэгдсэн хүмүүсийн цогцсыг барилгын ойролцоо болон дотор хэсгээс илрүүлсэн байна.

Киев хотын захиргааны мэдээллээр, аврагчид Соломянский дүүргийн хоёр газарт ажиллаж, нэг байршилд дөрвөн давхар оффисын барилгын эвдрэл гэмтлийг шалган, халдлагын дараах нөхцөл байдлыг арилгах ажиллагаа явуулжээ.

Орон сууц болон эмнэлгийн байгууллага ч өртжээ

Есдүгээр сарын 25-ны шөнө болон өглөө Киевийн хэд хэдэн дүүрэгт дроны цохилт бүртгэгдсэн байна. Соломянский дүүрэгт дрон 25 давхар орон сууцны барилгын дөрөвдүгээр давхрын орчимд онож, Печерский дүүрэгт мөн нэгэн олон давхар барилгын 7-10 дугаар давхрын орчимд дрон мөргөжээ.

Печерский дүүрэгт болсон халдлагын үеэр 14 настай хүү амиа алдсан талаар Киевийн хотын захиргаа болон цагдаагийн мэдээлэлд дурдсан байна. Мөн нийслэлийн өөр нэг эмнэлгийн байгууллага халдлагын улмаас гэмтэж, ойролцоо байсан гурван хүнийг эмнэлэгт хүргэсэн байна.

Зеленский: McDonald's-ийн агуулахад мөн дрон цохилт өгсөн

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "Халдлагын үеэр Киев дэх McDonald's компанийн ашигладаг агуулахад мөн дроны цохилтод өртсөн" гэж мэдэгджээ. Тэрбээр халдлагын улмаас амь үрэгдсэн хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлсэн байна.

Есдүгээр сарын 25-нд Киевээс гадна Украины хэд хэдэн бүс нутагт мөн халдлага бүртгэгджээ. Украины Онцгой байдлын албанаас "Киев мужид гурван дүүрэгт барилга байгууламж, агуулах, хувийн байшин болон автомашинууд эвдэрч, шатсан" гэж мэдээлсэн байна.

Одесса мужид хоёр хүн амиа алдаж, хоёр хүн шархадсан бол Запорожье хотод хоёр хүн шархаджээ. Запорожьед эмнэлгийн барилга, түргэн тусламжийн автомашинууд болон ойролцоох байшингууд гэмтсэн байна.

Эх сурвалж: DW