Германы Гадаад хэргийн сайд Йоханн Вадефуль "АНУ-аас арванхоёрдугаар сард болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг урьсан нь Украины дайныг эцэслэх талаар Кремль хэр зэрэг нухацтай хэлэлцээр хийхэд бэлэн байгааг харуулах лакмус (ямар нэг зүйлийн жинхэнэ шинж, байр суурийг илрүүлэх шалгуур.ред)-ын сорил болно" гэж мэдэгдэв.
Тэрбээр есдүгээр сарын 25-нд Канадын Гадаад хэргийн сайд Анита Анандтай Оттава хотноо уулзах үеэрээ энэ талаар мэдэгдсэн байна.
Вадефуль "Герман болон Украиныг дэмжиж буй барууны бусад холбоотнууд ОХУ-ын эрх баригчид, тэр дундаа Ерөнхийлөгч Владимир Путиныг хэлэлцээрийн ширээний ард суухыг удаа дараа уриалсан" гэж хэлжээ. Түүний үзэж буйгаар, ОХУ бодитой хэлэлцээр хийхэд бэлэн байгаа эсэхийг Украинд гал зогсоох эсэхээр нь харж болно.
Путин цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлсэн тохиолдолд G20-ийн дээд хэмжээний уулзалтыг бойкотлох ёстой эсэх талаар асуухад Вадефуль "ОХУ-ын оролцоо одоогоор “маш таамаг төдий” байгаа тул ойрын хэдэн долоо хоногт нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг хүлээх хэрэгтэй" гэжээ.
Вадефуль “Орос хэлэлцээр хийх ёстой. Аль болох хурдан хийх тусмаа сайн” хэмээн онцолсон байна.
Канадын Гадаад хэргийн сайд Анита Ананд мөн "Путин G20-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох боломжтой байгаа нь уулзалтыг бойкотлох шалтгаан болохгүй" гэж мэдэгджээ.
Тэрбээр “Дипломат ажиллагаа гэдэг нь бид хэлэлцээний ширээний ард үлдэж, хүнд хэцүү асуудлуудын талаар ярилцах ёстой гэсэн үг” хэмээн нэмж хэлсэн байна.
АНУ-ын 14 сенатор Трампыг Путины урилгыг цуцлахыг уриалжээ
Үүний өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг арванхоёрдугаар сард Майами хотод болох G20-ийн дээд хэмжээний уулзалтад урьсан талаар мэдээлсэн.
Рубиогийн хэлснээр, уг айлчлал нь Путинд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон бусад улс орны төр, засгийн тэргүүнүүдтэй хэлэлцээ хийх боломж олгох аж. Харин Кремль уг урилгыг хүлээн авах эсэхээ эцэслэн шийдээгүй байгаа юм байна.
The Washington Post сонинд мэдээлснээр, АНУ-ын Конгрессын хоёр намын 14 сенатор Трампад хандан Путины урилгыг цуцлахыг уриалжээ.
Тэд Трампад илгээсэн захидалдаа “Путин Оросоос Украины эсрэг эхлүүлсэн бүрэн хэмжээний түрэмгий дайныг дангаараа хариуцна. Түүнд АНУ-д болох G20-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох боломж олгох нь Украины энгийн иргэдийн объектуудад өдөр бүр цохилт өгсөөр байгаа эрх баригчдыг хууль ёсны, хэвийн үйл ажиллагаатай мэтээр хүлээн зөвшөөрөх, хэвийн болгох эрсдэлийг бий болгож байна” гэжээ.
Мөн сенаторууд Владимир Путин болон Оросын төлөөлөгчдийн бусад гишүүдийг Вашингтоноос үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй үйлдэлтэй нь холбогдуулан АНУ-ын хориг арга хэмжээнд оруулсныг онцолсон байна.
Тэдний үзэж буйгаар, Путин олон улсын хамтын нийгэмлэгээс тусгаарлагдахгүй бол Украины дайныг зогсоох сонирхол нь буурах эрсдэлтэй аж.
Эх сурвалж: DW