Ши Жиньпин Цагаан ордонд төрийн хүндэтгэлийн зоогт оролцлоо

Трамптай хийсэн өндөр түвшний уулзалтын дараа БНХАУ-ын дарга Ши Жиньпин Цагаан ордонд зочилж, төрийн хүндэтгэлийн зоогт оролцжээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин пүрэв гарагт Цагаан ордонд хүрэлцэн ирж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон тэргүүн хатагтай Меланиа Трамп нарын зохион байгуулсан төрийн хүндэтгэлийн зоогт оролцсон байна.

Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Лиюань нарыг Трамп, Меланиа нар Цагаан ордны үүдэнд ёслол төгөлдөр угтан авчээ. Ёслолын хөгжмийн эгшиг дор хоёр хос хамтдаа зургаа авахуулсны дараа Цагаан ордон руу орсон байна.

Энэ нь Ши Жиньпиний Вашингтонд хийж буй арван гаруй жилийн дараах анхны айлчлал болж байна.

Трамп, Ши нар хүндэтгэлийн зоогийн өмнө хаалттай хэлэлцээ хийсэн бөгөөд уулзалтаар хиймэл оюун ухаан, худалдаа, Тайвань болон Ирантай холбоотой дайн, аюулгүй байдлын асуудал зэрэг АНУ-БНХАУ-ын харилцаанд чухал ач холбогдолтой сэдвүүдийг хэлэлцжээ.

Ши: АНУ, БНХАУ хиймэл оюун ухааны салбарт хамтран ажиллах өргөн боломжтой

A technician works at an Amazon Web Services AI data center in New Carlisle, Indiana, on October 2, 2025.

Ши Жиньпин АНУ, БНХАУ нь хиймэл оюун ухааны салбарт өрсөлдөж байгаа хэдий ч хамтын ажиллагааны боломж үүнээс ч өргөн хэмээн мэдэгдсэн байна.

БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас нийтэлсэн уулзалтын талаарх мэдээлэлд Ши “Хоёр талын хооронд өрсөлдөөн байгаа ч хамтын ажиллагааны боломж бүр ч их байна” хэмээн онцолжээ.

Тэрбээр хоёр улс хиймэл оюун ухааны салбар дахь өөр өөрийн давуу талаа ашиглахын зэрэгцээ бие биенээсээ сэрэмжлэхээс илүүтэйгээр хиймэл оюун ухааныг буруугаар ашиглахаас хамтдаа сэргийлэх хэрэгтэй гэжээ.

Ши мөн Трампын Хятадад хийсэн айлчлал болон өөрийнх нь АНУ-д хийж буй айлчлал богино хугацаанд дараалан болж байгаа нь хоёр орны харилцааны түүхэнд урьд өмнө байгаагүй үйл явдал хэмээн тэмдэглэсэн байна.

Ши Жиньпиний хүндэтгэлийн зоогийн цэс

Цагаан ордонд болсон төрийн хүндэтгэлийн зоогийг Меланиа Трампын ажлын алба зохион байгуулсан бөгөөд оройн зоогийг Schramsberg “Blanc de Noir” дарсаар хундага өргөн эхлүүлэхээр төлөвлөжээ.

Энэхүү хундага өргөлт нь 1972 онд АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлай нар Бээжинд хийсэн түүхэн уулзалтын үеэр энх тайвны төлөө хундага өргөж байсныг бэлгэдсэн байна.

Зоогийн цэс:

Нэгдүгээр хоол: Шар хулуугаар хийсэн velouté төрлийн өтгөн шөл
Үндсэн хоол: Гүнжидийн үрээр бүрсэн далайн басс загас, ногоон соус болон залуу бок-чой байцаатай
Хачир: Шарж болгосон хаш
Амттан: Интоорын чанамал маягийн голтой ванилийн crémeux, зөгийн балтай зайрмаг

Зоогийн танхимыг улаан өнгийн ширээний бүтээлэг, улаан мандарваа болон ранункулус цэцгээр чимэглэж, Ерөнхийлөгч Рональд Рейганы үеийн улаан, алтан өнгийн төрийн шаазан эдлэлүүдийг ашигласан байна.

Мөн АНУ-ын Тэнгисийн явган цэргийн болон Армийн хөгжмийн хамтлаг, найрал дуучид тоглолт үзүүлж, тенор дуучин Кристофер Маккио уран бүтээлээ толилуулжээ.

Тайвань - АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг асуудлуудын нэг

Military generals and their family members walk past a poster of Taiwan's flag at a ceremony in Taipei, Taiwan, on June 28, 2022.

Ши Жиньпин, Трамп нарын уулзалтын үеэр Тайванийн асуудал мөн чухал байр суурь эзэлжээ.

Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр Ши Жиньпин АНУ-ыг Тайванийн тусгаар тогтнолыг эсэргүүцэх байр суурь баримтлахыг хүсэж байгаагаа Трампад илэрхийлсэн байна.

Тайвань нь ойролцоогоор 23 сая хүн амтай, өөрийн засгийн газар, арми, валют, Үндсэн хуультай,
өөрийн хилээ хянадаг; өөрийн паспорт олгодог, ардчилсан сонгуулиар төрийн эрх баригчдаа сонгодог. Гэвч Тайванийг НҮБ-ын гишүүн улс гэж хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд дипломат харилцаатай улс орнуудын тоо нь цөөн.

Бээжин Тайванийг Хятадын нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг бөгөөд эх газартай дахин нэгдэх ёстой гэсэн байр суурийг олон жилийн турш баримталж ирсэн. Хятадын эрх баригчид шаардлагатай тохиолдолд хүч хэрэглэх боломжийг ч үгүйсгэдэггүй.

Харин АНУ 1979 онд Тайпэйтэй дипломат харилцаагаа зогсоож, Бээжинтэй албан ёсны дипломат харилцаа тогтоосон ч Тайваньтай эдийн засаг, улс төр, батлан хамгаалахын чиглэлээр өргөн хүрээний албан бус харилцаа хадгалсаар ирсэн.

АНУ-ын Taiwan Relations Act хуулийн дагуу Вашингтон Тайванийг өөрийгөө хамгаалах шаардлагатай зэвсгээр хангах үүрэгтэй. Гэхдээ Хятад Тайвань руу халдсан тохиолдолд АНУ цэргийн хүчээр шууд оролцох эсэхээ тодорхой зарладаггүй. Үүнийг олон улсын харилцаанд “стратегийн тодорхой бус байдал” гэж нэрлэдэг.

Ираны асуудал ч хэлэлцээний нэг хэсэг байв

Трамп, Ши нар мөн АНУ-Ираны дайны асуудлыг хэлэлцсэн байна.

Хятадын мэдээлснээр, Ши Жиньпин АНУ болон Иран улс зургадугаар сард байгуулсан 14 зүйл бүхий харилцан ойлголцлын санамж бичигт эргэн орж, хэлэлцээгээ аль болох хурдан сэргээхийг хүсэж байгаагаа илэрхийлжээ.

Энэ нь АНУ-БНХАУ-ын уулзалт зөвхөн хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаагаар хязгаарлагдаагүйг харуулж буй аж.

Цагаан ордны хэвлэлийн хүртээмжийн маргаан

Ши Жиньпиний айлчлалын үеэр Цагаан ордон болон АНУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагуудын хооронд мөн маргаан гарчээ.

CNN-ийн мэдээлснээр Цагаан ордон Ши Жиньпиний төрийн хүндэтгэлийн зоогт хүрэлцэн ирэх үйл явдлыг сурвалжлахаар очсон CNN-ийн хоёр сэтгүүлчийг нэвтрүүлээгүй байна.

CNN-ээс сурвалжлагч, продюсер, зураглаач бүхий багийн нэрийг урьдчилан өгсөн боловч Цагаан ордон зөвхөн гэрэл зурагчин болон дууны техникчийг оруулах боломжтой гэж мэдэгдсэн аж.

CNN редакцын сэтгүүлч, продюсероо мөн арга хэмжээнд оролцуулах шаардлагатай гэж үзсэн байна.

Үүний зэрэгцээ CNN, MS NOW болон Politico-гийн хэвлэлийн үнэмлэхүүдийг өмнө нь хязгаарласан байсан ч дараа нь сэргээсэн талаар CNN мэдээлжээ.

АНУ-БНХАУ-ын харилцааны шинэ үеийн дохио юу?

Ши Жиньпиний энэ айлчлал нь хоёр орны харилцаанд онцгой анхаарал татаж байна.

Уулзалтын үеэр Трамп АНУ, БНХАУ-ын хооронд худалдааны асуудлаар ахиц гарсан гэж мэдэгдэж, хоёр улс тулгамдсан асуудлууд дээр “ихээхэн ахиц дэвшил гаргасан” хэмээн онцолжээ.

Харин Ши Жиньпин хоёр орны ашиг сонирхол хоорондоо гүнзгий холбоотой бөгөөд айлчлалын зорилго нь найрамдалт харилцааг бэхжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх явдал гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр мөн хиймэл оюун ухааныг хөгжүүлэхдээ хоёр улс хамтын хариуцлага хүлээж, уг технологийг хүний хяналтад байлгаж, хүн төрөлхтний сайн сайхны төлөө ашиглах ёстойг онцолжээ.

Гэсэн хэдий ч Тайвань, худалдаа, хиймэл оюун ухаан, Иран зэрэг асуудлаар Вашингтон, Бээжингийн хооронд байр суурийн зөрүү хэвээр байна. Тиймээс энэхүү уулзалт нь харилцааг сайжруулах тодорхой дохио өгсөн хэдий ч хоёр улсын хоорондын бүх стратегийн зөрчлийг шийдвэрлэсэнгүй.

Эх сурвалж: CNN