Бид бүгд ийм нөхцөл байдалтай тулгарч байсан. Удахгүй болох уулзалтад орохоор бэлдэж байхдаа гар хөлөрч, бодол санаа эргэлдэж, ямар нэг зүйл буруу мэт санагдана. Тэгээд тэр мөчид бид яаран шийдвэр гаргадаг.

“Зөн совиндоо итгэлээ”

Бид ийм л байдлаар өөрсдийн шийдвэрийг тайлбарладаг. “Гэдэсний зөн совин” хэмээн нэрлэдэг энэ мэдрэмж заримдаа өдөр тутмын жижиг сонголтоос эхлээд мөрөөдлийн байшингаа сонгох, анхны харцаар дурласан хүнтэйгээ гэрлэх эсэх зэрэг амьдралын томоохон шийдвэрт хүртэл нөлөөлдөг байна.

“Гэдэсний зөн совин” гэдэг ойлголт урьд нь зүгээр л хэлц үг мэт сонсогддог байсан бол шинжлэх ухааны олон судалгаагаар тархи болон гэдэс хоорондоо үнэхээр нягт холбоотой болохыг тогтоожээ. Биеийн бусад тогтолцоотой харьцуулахад тархи, гэдэсний хооронд асар их хэмжээний мэдээлэл тасралтгүй дамждаг байна.

Гэхдээ “гэдсэндээ итгэ”, “зөн совингоо дагалаа” гэх мэт хэллэгийг хүмүүс өдөр тутамдаа ашигладаг ч эрдэмтэд зөн совинд тулгуурлан шийдвэр гаргах үйл явцыг гэдэс, тархины биологийн холбооноос ялгаж авч үздэг.

Судалгаагаар гэдэс болон тархи хоорондоо байнга мэдээлэл солилцдог бөгөөд энэ нь хүний сэтгэл хөдлөл, танин мэдэхүйн үйл явцад нөлөөлдөг нь тогтоогджээ. Харин гэдэснээс төрсөн мэдрэмжийг зөв шийдвэр гаргах найдвартай үндэс гэж үзэх хангалттай шинжлэх ухааны нотолгоо одоогоор байхгүй байна.

Мөн сэтгэл хөдлөл гэдсэнд үүсдэггүй, харин тархинд эхэлдэг гэдгийг судлаачид онцолдог. Гэсэн хэдий ч тархи, гэдэсний холбоо нь маш нарийн бүтэцтэй бөгөөд хоёр талдаа тасралтгүй мэдээлэл дамжуулж байдаг аж.

Кливлендийн клиникийн хоол зүйч, шим тэжээлийн мэргэжилтэн Жулиа Зумпано “Гэдэс болон тархи хоорондоо их хэмжээний мэдээлэл солилцдог нь үнэн. Тархи-гэдэсний тэнхлэг нь бие махбодын хамгийн идэвхтэй мэдээлэл солилцдог тогтолцооны нэг” гэж тайлбарлажээ.

“Хоёр дахь тархи” гэж юу вэ?

Гэдсэнд ихэвчлэн “хоёр дахь тархи” гэж нэрлэдэг энтерик мэдрэлийн тогтолцоо байдаг. Энэ нь 500 сая гаруй нейроноос бүрддэг байна. Энэ нь тархинаас гадна хүний бие дэх хамгийн нарийн төвөгтэй мэдрэлийн сүлжээний нэг аж. Уг тогтолцоо нь мэдрэлийн системтэй хамтдаа ажиллаж, биеийн дотоод орчны талаарх мэдээллийг цуглуулан тархинд дамжуулдаг гэж Кливлендийн клиник мэдээлжээ.

Тархи, гэдэсний хооронд хоёр чиглэлтэй харилцаа оршдог. Энэ үйл явцад тэнүүчлэгч мэдрэл буюу вагус мэдрэл чухал үүрэгтэй. Уг мэдрэл нь тархи, гэдэс болон бусад дотоод эрхтний хооронд дохио дамжуулах гол сувгийн нэг бөгөөд өвчин үүсгэгч бактери, вирус зэрэгт үзүүлэх биеийн дархлааны болон үрэвслийн хариу урвалтай ч холбоотой аж.

Эдгээр мэдээлэл дамжуулах тогтолцоо нь өлсөх, бие засах шаардлага төрөхөөс эхлээд дотор муухайрах, өвдөлт мэдрэх хүртэл олон үйл явцад нөлөөлдөг байна. Мөн нойр, танин мэдэхүйн үйл ажиллагаа, бодисын солилцоо, дархлааны үйл ажиллагаа, сэтгэл санаа болон сэтгэцийн эрүүл мэндэд ч нөлөөлж болдог аж.

Гэхдээ ямар нэг зүйлд “гэдэс эвгүйрхэж” байна гэдэг нь тэр мэдрэмж заавал зөв гэсэн үг биш. Жишээлбэл, мөрөөдлийн байшингаа авахдаа зөн совингоо дагасан ч санхүүгийн хүндрэлд орж болно. Хайр дурлалын асуудалд ч зөвхөн мэдрэмждээ найдах нь хүссэн үр дүнд хүргэнэ гэсэн баталгаа биш аж.

Сэтгэл хөдлөл гэдсэнд үүсдэггүй

Австрийн Грацын Анагаахын их сургуулийн мэдрэлийн судлаач Питер Хольцер 2022 онд “Гэдэсний дохио ба гэдэсний мэдрэмж: Өгөгдөл ба итгэл үнэмшлийн зааг дахь шинжлэх ухаан” нэртэй судалгааны өгүүлэл нийтэлжээ.

Түүний тайлбарласнаар, тархи, гэдэсний хоорондын холбоо маш нягт тул тархи-гэдэсний тэнхлэг нь тархинд биеийн дотоод төлөв байдлын талаарх мэдээллийг хүлээн авах боломж олгодог байна.

Дүрслэлийн судалгаагаар гэдэснээс ирж буй мэдээлэл нь сэтгэл хөдлөл, сэтгэл санаа болон танин мэдэхүйн үйл явцтай холбоотой тархины хэсгүүдэд хүрдэг нь тогтоогджээ. Тархи болон гэдэс хоорондын нарийн төвөгтэй мэдээлэл солилцоо нь биеийн дотоод мэдрэмжийг нэгтгэн боловсруулах үйл явцад оролцож, улмаар тархины үйл ажиллагаа болон зан төлөвийн олон талд нөлөөлдөг байна.

Гэсэн хэдий ч Хольцер “гэдэсний зөн совин” гэсэн нэр томьёог хэт хялбарчилсан ойлголт гэж үздэг. Тэрбээр "Гэдэс, тархи хоорондоо нягт холбоотой ч “мэдрэмж, сэтгэл хөдлөл гэдсэнд үүсдэггүй, харин тархинд бий болдог” гэж онцолжээ.

Калифорнийн их сургуулийн Лос-Анжелес дахь салбарын нэрт гастроэнтерологич, мэдрэл судлаач Эмеран Майер ч тархи, гэдэсний харилцан холбоог олон жилийн турш судалж ирсэн эрдэмтдийн нэг аж. Тэрбээр энэ чиглэлээр олон судалгаа хийж, тархи-гэдэсний холбоо нь хоол боловсруулах тогтолцооны үйл ажиллагаанаас гадна хүний сэтгэл хөдлөл болон зөн совиндоо тулгуурлан шийдвэр гаргах үйл явцад ч тодорхой үүрэгтэй байж болохыг судалжээ.

Гэдэсний эрүүл мэндийг хамгаалах нь чухал

Тархи, гэдэсний холбоотой холбоотой судалгаа шинэ үр дүнгүүдээр баяжсаар байгаа ч Хятадын уламжлалт анагаах ухаан болон Азийн бусад уламжлалд бие, сэтгэлийн харилцан холбоог хэдэн мянган жилийн турш онцолж ирсэн байдаг.

2024 онд нийтлэгдсэн судалгаанд гэдэсний бичил биетүүд нь гэдэс болон бусад эрхтний хоорондын харилцаанд нөлөөлөх замаар олон эрхтэн тогтолцооны өвчний үүсэл, явцад оролцож болзошгүйг тэмдэглэжээ.

Кливлендийн клиникийн мэргэжилтэн Зумпаногийн зөвлөснөөр тархи, гэдэсний эрүүл холбоог дэмжихийн тулд хооллолтдоо олон төрлийн ургамлын гаралтай хүнс түлхүү хэрэглэх, самар, үр, буурцагт ургамал, жимс, хүнсний ногоо, бүхэл үрийн бүтээгдэхүүн зэрэг эслэгээр баялаг хүнс хэрэглэх нь зүйтэй.

Мөн мисо, кимчи, натто, даршилсан байцаа, тараг, кефир зэрэг исгэсэн хүнс, пребиотик болон омега-3 тосны хүчлээр баялаг яргай, туна, сардин зэрэг загасыг хоол хүнсэндээ оруулахыг зөвлөжээ.

Үүний зэрэгцээ чихэр болон хэт боловсруулсан хүнсний хэрэглээг багасгаж, хангалттай хэмжээний ус уух хэрэгтэй аж.

Зумпаногийн хэлснээр тархи, гэдэсний холбоог сайжруулахад шууд үр дүн үзүүлэх “шидэт” арга байхгүй. Харин хооллолт болон амьдралын хэв маягт хийсэн тогтвортой өөрчлөлт нь урт хугацаандаа үр дүнгээ өгдөг байна.

Учир нь тархи, гэдэсний тэнхлэг нь бие махбодын хамгийн идэвхтэй мэдээлэл солилцдог тогтолцооны нэг бөгөөд түүнд оролцдог нейрон, химийн дамжуулагчдын тоо асар их байдаг. Тиймээс гэдэсний эрүүл мэндээ хамгаалах нь зөвхөн хоол боловсруулах тогтолцоонд төдийгүй тархи, сэтгэл санаа болон ерөнхий эрүүл мэндэд ч чухал ач холбогдолтой ажээ.

Эх сурвалж: CNN