Оросын нисгэгчгүй онгоцууд есдүгээр сарын 23-нд Украины нийслэлийн хоёр дүүрэгт байрлах шатахуун түгээх станцуудад дахин цохилт өгчээ.

“Укрнафта” компанийн ТУЗ-ийн дарга Богдан Кукура Facebook хуудастаа “UKRNAFTA-ийн иргэний дэд бүтцэд дахин нэг цохилт өглөө. Энэ нь сүүлийн хэдэн долоо хоногт гарсан зургаа дахь халдлага юм. UKRNAFTA үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Гэмтсэн байгууламжуудаа сэргээн засварлаж, иргэдийг түлшээр хангах болно” гэж мэдээлсэн байна.

Тэрбээр "Халдлагын үеэр компанийн ажилтнууд хоргодох байранд байсан тул хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй" гэж онцолжээ.

“Нафтогаз” группийн арилжаа хариуцсан захирал Сергей Федоренко мөн халдлагын талаар мэдээлэхдээ, ажилтнууд аюулгүй ажиллагааны журмын дагуу ажилласан гэж мэдэгдсэн байна.

Орос шатахуун түгээх станцуудыг яагаад онилж байна вэ?

Шатахуун түгээх станцуудыг зориудаар онилсон халдлага 2026 оны дөрөвдүгээр сард эхэлсэн ч тухайн үед Оросын арми гол төлөв фронтын шугамын ойролцоох болон хил орчмын бүс нутгийн станцуудыг цохилтын бай болгож байв. Харин есдүгээр сараас халдлага Украины гүн дэх бүс нутгуудад шилжжээ.

Есдүгээр сарын 10-нд Оросын зэвсэгт хүчин анх удаа Киевийн Голосеевскийн дүүрэг дэх шатахуун түгээх станцыг зориудаар онилсон байна. Үүний дараа есдүгээр сарын 11-нд “Укрнафта”-гийн Оболонский болон Днепровский дүүрэгт байрлах хоёр станцад нэгэн зэрэг цохилт өгчээ. Хэд хоногийн дараа Ровно, Житомир мужид ч ийм халдлага гарсан байна.

Есдүгээр сарын 21-нд Киев мужид нэг өдрийн дотор 34 объект гэмтсэний дотор шатахуун түгээх станцууд багтжээ. Дараагийн өдрүүдэд ч халдлага үргэлжилсэн байна.

Украины Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч, Эрчим хүчний сайд Денис Шмыгаль наймдугаар сарын сүүлчээр Дээд Радын Засгийн газрын асуултын цагийн үеэр мэдэгдэхдээ, 2026 оны эхний зургаан сарын хугацаанд Оросын халдлагын улмаас Украины 300 гаруй шатахуун түгээх станц гэмтэж, эсвэл сүйдсэн гэж мэдээлжээ. Есдүгээр сард халдлагад өртсөн станцуудын тоо улам нэмэгдсэн байна.

Гэвч “Нефтерынок” зөвлөх компанийн шинжээч Александр Сиренко эдгээр халдлагад эдийн засаг, цэргийн тодорхой зорилго байхгүй гэж үзжээ.

Тэрбээр DW-д өгсөн ярилцлагадаа шатахуун түгээх станцууд нь цэргийн объект биш учраас тэдгээрийг онилох нь цэргийн талаасаа үр ашиггүй. Ийм халдлага нь Украины хүн амд айдас төрүүлэх зорилготой гэж үзсэн байна.

Dragon Capital компанийн ахлах шинжээч, эрчим хүчний зах зээлийн эксперт Денис Саквагийн үзэж буйгаар, нийслэлийн шатахуун түгээх станцуудыг онилсон халдлага нь гол төлөв иргэдэд айдас төрүүлж, сэтгэлзүйд нь нөлөөлөх зорилготой аж.

Шинжээчдийн тайлбарласнаар, Киев болон түүний орчим дахь станцуудыг онилсон цохилт нь Москва хүч чадлаа харуулах, олон нийтэд сүр хүчээ үзүүлэх зорилготой байж болзошгүй, энэ нь Орос өөрийн газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг Украины халдлагаас хамгаалж чадахгүй байгаа нөхцөлтэй холбоотой байж болох аж.

Шатахуун түгээх станц руу хийсэн цохилт хэр үр дүнтэй вэ?

Александр Сиренкогийн тайлбарласнаар, эдгээр халдлагын үр нөлөө харьцангуй бага байдгийн гол шалтгаан нь шатахуун түгээх станцын бүтэцтэй холбоотой аж. Нисгэгчгүй онгоцууд станцын газрын дээрх дэд бүтцийг голчлон сүйтгэдэг бол хамгийн үнэтэй тоног төхөөрөмж болох шатахуун түгээгүүр болон түлшний нөөцийн савууд газрын доор байрладаг байна.

Сиренко “Хамгийн үнэтэй хэсэг нь насос, түлшний савнууд бөгөөд тэдгээр нь газрын доор байдаг. Шинэ шатахуун түгээгүүрүүдийг авчраад суурилуулахад станц дараагийн өдөр нь үйл ажиллагаагаа сэргээх боломжтой” гэж хэлжээ.

Иймээс халдлагын үеэр түлш их хэмжээгээр дэлбэрэх тохиолдол харьцангуй ховор бөгөөд станцууд богино хугацаанд үйл ажиллагаагаа сэргээх боломжтой юм байна.

Гэхдээ сэргээн засварлахад багагүй зардал гардаг. Хэд хэдэн шинэ шатахуун түгээгүүрийн үнэ л гэхэд хэдэн сая гривен хүрэх бөгөөд барилга байгууламжийг засварлахад мөн их хэмжээний хөрөнгө шаардлагатай аж.

Денис Саквагийн үзэж буйгаар, эдгээр халдлага эдийн засгийн тодорхой хохирол учруулж буй юм байна. Учир нь, станцын эзэмшигчид тоног төхөөрөмж, барилга байгууламжаа сэргээн засварлах шаардлагатай болох нь.

Гэхдээ халдлагын хамгийн ноцтой үр дагавар нь хүний амь нас хохирч байгаа явдал. Сиренко “Укрнафта”-гийн нэгэн шатахуун түгээх станцад цохилт өгөх үеэр гурван хүн амиа алдсан тохиолдлыг дурджээ. Тэд станцын үйлчлүүлэгч биш, харин халдлага болох үед түүний хажуугаар явж байсан хүмүүс байсан аж.

Яагаад гол төлөв UKRNAFTA-ийн станцууд халдлагад өртөж байна вэ?

Киев хотод халдлагад голчлон UKRNAFTA-ийн шатахуун түгээх станцууд өртөж байгаа аж. Тус сүлжээг Украины төрийн өмчит “Укрнафта” компани ажиллуулдаг бөгөөд “Нафтогаз Украины” үндэсний компанийн бүтцэд багтдаг.

Өмнө нь Telegram сувгуудаар Оросын арми Киев хотод халдахаар төлөвлөж буй шатахуун түгээх станцуудын жагсаалт гэх мэдээлэл тархжээ. Тэдгээрийн ихэнх нь UKRNAFTA-ийн станцууд байсан бөгөөд жагсаалтад орсон зарим станц үнэхээр нийслэлд халдлагад өртсөн байна.

Александр Сиренко эдгээрийн зарим өмнө нь Оросын “Роснефть” компанийн эзэмшилд байсан станцууд байж болзошгүй гэж таамаглажээ.

Түүний тайлбарласнаар, эдгээр станц өмнө нь Тюменийн газрын тосны компани буюу “ТНК”-ийн мэдэлд, улмаар Оросын төрийн өмчит “Роснефть”-д харъяалагдаж байжээ. Дараа нь Виктор Медведчукийн Glusco сүлжээний бүрэлдэхүүнд орж, дайны дараа Украины төр уг сүлжээг “Укрнафта”-гийн удирдлагад шилжүүлсэн байна.

Сиренкогийн үзэж буйгаар, Орос өмнө нь эзэмшиж байсан сүлжээнийхээ байршлын нарийн координатыг мэддэг байж болох тул эдгээр станцыг илүү нарийвчлалтай онилох боломжтой аж.

Түүнчлэн тэрбээр Оросын зэвсэгт хүчин төрийн өмчит шатахуун түгээх станцуудыг зориудаар онилж байж болохыг үгүйсгэсэнгүй. Учир нь, эдгээр станцын түлшний үнэ хувийн хэвшлийн станцуудаас харьцангуй хямд, олон хүн үйлчлүүлдэг байна. Иймд халдлагын нэг зорилго нь олон хүнийг эрсдэлд оруулах явдал байж болно гэж таамаглажээ.

Украинчууд шатахуун түгээх станцуудын халдлагад хэрхэн хандаж байна вэ?

Украинд түлшний хомсдол үүсэж болзошгүй гэсэн мэдээлэл тархаж буй ч шатахуун түгээх станцууд дээр одоогийн байдлаар их хэмжээний дараалал, сандрал үүсээгүй. Жолооч нар урьдчилан бүтэн сав дүүргэхээр яарахгүй, урт дараалал үүсгэхгүй, халдлагад өгч буй хариу үйлдэл ерөнхийдөө тайван байгаа аж.

Харин шатахуун түгээх станц дээрх хүмүүсийн зан байдал өөрчлөгджээ. Жолооч нар аль болох хурдан шатахуунаа аваад, шууд явахыг хичээж, өмнө нь замын дагуу амрах, дэлгүүр хэсэх, кафе орох газар гэж үздэг байсан станцуудыг одоо эрсдэл өндөртэй объект гэж хүлээн авч байгаа аж.

Украины төр, бизнес шатахуун түгээх станцуудыг хамгаалахын тулд юу хийж байна вэ?

Сиренкогийн хэлснээр, шатахуун түгээх станцуудын хамгаалалтын тогтолцоог хэд хэдэн түвшинд зохион байгуулжээ. Нэгдүгээрт, төрийн болон хувийн бүх шатахуун түгээх сүлжээ агаарын түгшүүрийн үед ажилтан бүр ямар арга хэмжээ авахыг тодорхойлсон дотоод журамтай болсон байна.

Хоёрдугаарт, төр операторуудад аюул ойртож буйг урьдчилан мэдээлэх төхөөрөмж ашиглуулах техникийн боломж бүрдүүлжээ. Сэрэмжлүүлэх дохио ирмэгц ажилтнууд тогтоосон журмын дагуу ажиллана. Үүнд үйлчлүүлэгчдийг дэлгүүрээс гарахаас гадна автомашинаа аюулгүй газар руу холдуулахыг зөвлөх, цахилгаан болон үнийн мэдээллийн самбарыг салгах, станц ажиллахгүй байгааг тэмдэглэх, дараа нь ажилтнууд хоргодох байранд шилжих зэрэг арга хэмжээ багтжээ.

Гуравдугаарт, төр шатахуун түгээх станцын эзэмшигчдэд хоргодох байр байгуулах шаардлага тавьжээ. Шинжээчийн хэлснээр, станцууд арванхоёрдугаар сарын 5 гэхэд хоргодох байртай болох ёстой. Ингэснээр “шар” түвшний агаарын түгшүүрийн үед ажиллах боломжтой болох аж. Хэрэв хоргодох байргүй бол станц “шар” болон “улаан” түвшний аюулын үед ажиллахгүй.

Үүний зэрэгцээ бизнес эрхлэгчид хэлтэрхийнээс хамгаалах зориулалттай габион суурилуулж байгаа бол фронтын ойролцоох бүс нутгуудад дроноос хамгаалах тор тавьж буй юм байна.

“Укрнафта” компанийн ТУЗ-ийн дарга Богдан Кукура “Бид ажилтан болон үйлчлүүлэгчдийнхээ эрсдэлийг аль болох бууруулахын тулд агаарын түгшүүрийн үед шатахуун түгээх станцуудын үйл ажиллагааг зориудаар зогсоодог. Сүүлийн халдлагууд ийм арга хэмжээ авах шаардлагатайг дахин нотоллоо” гэжээ.

Денис Саква шатахуун түгээх станцуудыг бүрэн хамгаалах боломж хязгаарлагдмал гэж үзэж байгаа аж. Түүний хэлснээр, Орос улс одоогийн байдлаар реактив хөдөлгүүртэй “Шахед” дрон ашиглах давуу талтай. Энэ нь түр зуурын шинжтэй байж болох ч одоогийн байдлаар Украины талд багагүй хүндрэл учруулж буй юм байна.

Саква “Агаарын довтолгооноос хамгаалах систем, дрон сөнөөгч болон бусад хамгаалалтын хэрэгслийг аль болох хурдан хөгжүүлэхээс гадна дэд бүтцийг бүрэн аюулгүй болгох боломж бидэнд одоогоор алга” гэж хэлжээ.

Украины түлшний зах зээл, үнэд ямар нөлөө үзүүлж байна вэ?

Шинжээчид "Шатахуун түгээх станцуудын эсрэг халдлага нь Украины нийт түлшний нөөцөд одоогоор мэдэгдэхүйц нөлөө үзүүлээгүй байна" гэж үзэж буй аж. Учир нь, түлшний нөөцийн савууд газрын доор байрладаг тул станцын газрын дээрх хэсгийг сүйтгэсэн ч түлшний нийт хэмжээ шууд буурахгүй.

Харин бензиний үнэ литр нь 90 гривенээс давж, дизель түлшний үнэ 100 гривенд дөхөж рекорд хэмжээнд хүрсэн нь өөр шалтгаантай юм байна. Энэ нь Ойрхи Дорнодын дайны улмаас дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ огцом өссөнтэй холбоотой аж.

Украин түлшний хэрэгцээнийхээ тодорхой хэсгийг импортоор хангадаг тул Европын зах зээлийн үнийн өөрчлөлтөд шууд мэдрэг байна.

Шинжээчдийн дурдсан өөр нэг хүчин зүйл нь Украины шатахуун түгээх станцын тоо харьцангуй их байгаа явдал аж.

Сиренкогийн тооцоолсноор, хүн амын тоо болон Европын үзүүлэлтүүдтэй харьцуулахад Украинд шаардлагатайгаас хоёроос хоёр хагас дахин олон шатахуун түгээх станц байдаг аж.

Ялангуяа олон украин иргэн гадаад руу гарсан энэ үед энэ нь илүү тодорхой харагдсан байна. Тиймээс нэг станц халдлагад өртсөн ч хэрэглэгч өөр станц хүртэл 10-50 км илүү явах шаардлагатай болжээ.

Сиренко “Энэ нь мэдээж тохиромжгүй. Гэхдээ амь насанд аюултай, эсвэл ноцтой асуудал биш” гэж хэлжээ.

Денис Саква шатахуун түгээх станцуудын эсрэг халдлага нийт зах зээлд одоогийн байдлаар ноцтой нөлөө үзүүлээгүй ч орон нутгийн хэмжээнд түлшний хомсдол үүсэх эрсдэлтэйг онцолсон байна.

Тэрбээр “Энэ нь юуны түрүүнд фронтын ойролцоох бүс нутгуудад хамаатай. Тэнд шатахуун түгээх станцууд байнга халдлагад өртөж байна. Зарим чиглэлд бараг нэг ч станц үлдээгүй. Харин Киевт энэ бол асуудал биш. Энд хэдэн зуун станц бий” гэжээ.

Эх сурвалж: DW