УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн хүрээнд Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулга хийв.
Тэрбээр "1991 оноос хойш Монгол Улс нийт 10.4 тэрбум ам.доллар буюу 33.4 их наяд төгрөгийн дүн бүхий төслийн зээлийн хэлэлцээрүүд байгуулсан. 2011 оноос эхлэн нэн хөнгөлөлттэй нөхцөлийн зохицуулалт өөрчлөгдөж, Монгол Улс энгийн болон хөнгөлөлттэй зээлийн нөхцөлд хамрагдах болсон.
2024 оноос эхлэн манай улс дунджаас дээгүүр орлоготой улсын ангилалд орсноор зээлийн нөхцөл улам бүр хатууран, арилжааны нөхцөлтэй зээл авах шаардлагатай болсон" гэж онцлов. Нийт зээлийн төслүүдийн хүрээнд өнөөдрийн байдлаар 6.1 тэрбум ам.доллар буюу 19.6 их наяд төгрөгийн санхүүжилт бодитоор ашигласан хэдий ч 4.3 тэрбум ам.доллар буюу 13.8 их наяд төгрөгийн зээлийн хэлэлцээрийн хөрөнгө хараахан ашиглагдаагүй байгаа аж.
Сангийн сайд энэ ашиглагдаагүй үлдэгдлийн 89 хувь нь 2026-2029 оны хооронд хэрэгжиж дуусах гэрээ, хэлэлцээрт хамаарч буй нь ойрын гурван жилд зээлийн ашиглалтыг эрчимжүүлэх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх үндэслэл болж байгааг дурдав.
Хэрэв зээлийн ашиглалтыг УИХ-аар соёрхон баталсан гэрээний хугацаанд багтаан хэрэгжүүлж чадахгүй тохиолдолд төслийн хугацаа хойшлох, өртөг өсөх, хүү болон үйлчилгээний зардал нэмэгдэх, улмаар хөрөнгө оруулалтын төслүүд хугацаандаа ашиглалтад орохгүй.
Үүний улмаас тэдгээрийн нийгмийн ач холбогдол болон эдийн засгийн үр өгөөж буурах бодит эрсдэл үүсэх бөгөөд зарим төслийн хэрэгжилт 5-10 жилээр хойшлох аюултай нөхцөл байдал бий болж буйг анхааруулан, уг хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа талаар мөн мэдээлэв.