“Формула-1”-ийн 2026 оны дэлхийн аваргын 15 дахь гараа болох Азербайжаны Гран при пүрэв гарагт Баку хотын гудамжны уралдааны замд эхэлнэ. Тус гарааг Азербайжанд есдүгээр сарын 27-нд тэмдэглэдэг Дурсгалын өдөртэй холбоотойгоор нэг хоногоор урагшлуулсан байна.
Улирлыг дуусгахад есөн гараа үлдээд байгаа ч аваргын төлөөх өрсөлдөөнд “Мерседес”-ийн Италийн залуу нисгэгч Кими Антонелли илт давуу явж байгаа аж. Тэрбээр багийн анд, Их Британийн Жорж Расселлээс 81 оноогоор, “Феррари”-гийн Льюис Хэмилтоноос 101 оноогоор илүү байна. Иймээс Антонеллид дэлхийн аваргын цом хүртэхэд онцгой нөхцөл байдал үүсэхээс бусад тохиолдолд томоохон саад гарахгүй гэж үзэж байгаа аж.
Бакугийн гараанд “Ред Булл”-ийн бүрэлдэхүүнд Францын Исаак Хаджар эргэн ирэх нь. Тэрбээр бэлтгэлийн үеэр авсан бэртлийн улмаас сүүлийн гурван Гран приг өнжсөн. Түүнийг орлож байсан Шинэ Зеландын Лиам Лоусон “Рейсинг Буллз” багтаа эргэн очжээ.
Бакугийн өвөрмөц уралдааны зам
Баку хотод гараа анх 2016 онд зохион байгуулагдсан. Тухайн үед Европын Гран при нэртэй байв. Харин 2017 оноос Азербайжаны Гран при нэртэй болсон.
Хотын төвөөр дайран өнгөрдөг уг зам Каспийн тэнгисийн эрэг дагуух хэсэгтэй бөгөөд нийт 20 эргэлттэйгээс 12 нь зүүн, найм нь баруун эргэлт аж. Нэг тойргийн урт нь 6 км бөгөөд гарааны шулуун хэсэг нь “Формула-1”-ийн хуанли дахь хамгийн урт буюу 2.1 км үргэлжилдэг.
Энэ хэсгийн төгсгөлд нисгэгчид цагт 340 км хүртэл хурдлах боломжтой юм байна. Мөн замын онцлог нь 90 градусын найман эргэлттэй юм.
Бакуд болсон анхны уралдаанд Германы Нико Росберг түрүүлсэн. Тэрээр 2016 онд дэлхийн аваргын цом хүртсэнийхээ дараа зодог тайлсан билээ.
Одоогийн нисгэгчдээс Бакуд “Макс Ферстаппен”, “Серхио Перес” нар тус бүр хоёр удаа түрүүлсэн бол Льюис Хэмилтон, Валттери Боттас, Оскар Пиастри нар тус бүр нэг удаа түрүүлжээ. 2020 онд коронавирусийн цар тахлын улмаас Азербайжаны Гран при зохион байгуулагдаагүй билээ.
Уралдааны хуваарь
-
Пүрэв гараг: чөлөөт бэлтгэл — 11:30, 15:00
-
Бямба гараг: гурав дахь чөлөөт бэлтгэл — 11:30, чансаа тогтоох уралдаан — 15:00
-
Ням гараг: Азербайжаны Гран при — 14:00 цагаас тус тус эхэлнэ.