Дональд Трамп анх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ Хятадыг АНУ-ын эдийн засагт заналхийлж буй улс хэмээн шүүмжилж, Америкийн үйлдвэрүүдийг сүйрүүлж, дундаж давхаргыг сулруулсан гэж буруутгаж байв.

Тэрхүү хатуу байр суурь нь Трампыг арав орчим жилийн өмнө Цагаан ордонд хүрэхэд нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Гэвч түүнээс хойш Трамп геополитикийн өрсөлдөгч Хятадын дарга Ши Жиньпиний талаар улам эерэгээр ярих болсон. Тэрбээр пүрэв гарагт Ши Жиньпинийг төрийн хүндэтгэлийн оройн зоогт урих аж.

Трамп энэ сард “Тэр бол агуу эрхэм. Бид маш сайн ойлголцдог. Худалдааны харилцаа маань ч маш сайн. Мэдээж тэд бол өрсөлдөгч. Гэхдээ Ерөнхийлөгч Шитэй бид маш сайн харилцаатай” хэмээн мэдэгджээ.

Трамп Хятадын асуудлаар Шид илүү зөөлөн хандах болов

Бүгд найрамдах намын ерөнхийлөгч Трамп сүүлийн үед Хятадтай холбоотой олон асуудалд Ши Жиньпинийг илүү "зөөлөн" шүүмжлэх болжээ. Тухайлбал, Хятад улс Иранд хиймэл дагуулын зураг өгсөн гэх мэдээлэлд Трамп “Тэр боломжийн байдлаар ажилласан гэж бодож байна” хэмээн хариулжээ.

Мөн 2020 онд Бээжин АНУ-ын сонгогчдын бүртгэлийн мэдээлэлд нэвтэрсэн гэж буруутгаж байсан ч одоо Хятадын эсрэг хариу арга хэмжээ авахдаа болгоомжтой байр суурь илэрхийлж буй аж.

Энэ үед Хятад, АНУ хоёр дэлхий дахинд манлайлахын төлөө өрсөлдөж, Америкийн уламжлалт холбоотнууд ч өөрсдийн стратегиа дахин авч үзэж байна.

Хятад улс үйлдвэрлэлийн салбар дахь байр сууриа улам бэхжүүлж, хиймэл оюун ухаан, цахилгаан автомашин зэрэг шинэ технологийн салбарт хурдацтай хөгжиж буй нь АНУ болон Европ, Азийн хэд хэдэн орны эдийн засагт сорилт болж байгаа билээ.

Тарифын бодлого Трампын хүссэн үр дүнд хүрсэнгүй

Хятадын бодлогыг өөрчлөхийг оролдсон Трамп эцэст нь дипломат харилцаа, найрсаг хандлагад илүү түшиглэх болжээ.

Тэрбээр тавдугаар сард Бээжинд айлчилсан бөгөөд энэ онд олон улсын дээд хэмжээний уулзалтуудын үеэр Шитэй дахин хоёр удаа уулзах боломжтой аж. Цагаан ордон Ши Жиньпиний айлчлалд зориулан бэлтгэл хийж, Өмнөд зүлгэн дээр нисдэг тэрэгний буух талбайг хүртэл бэлджээ.

Трамп өнгөрсөн онд Хятадын эсрэг өндөр тариф болон экспортын хязгаарлалт тогтоож, шахалт үзүүлэхийг оролдсон нь хүссэн үр дүнд хүрээгүй. Хятад улс электрон төхөөрөмж үйлдвэрлэхэд чухал ач холбогдолтой ховор металлын нийлүүлэлтийг давамгай хянадаг бөгөөд үүнийгээ ашиглан Трамптай худалдааны түр тохиролцоонд хүрч чаджээ.

Олон улсын хямралын асуудлаар ажилладаг шинжээч Майкл Ковриг “Трамп Хятадад хандах бодлогоо эрс өөрчилсөн. Учир нь, маш өндөр тариф болон экспортын хязгаарлалтаар Хятадыг шахах анхны оролдлого нь амжилтгүй болсон” гэж дүгнэжээ.

Шитэй харилцах харилцаа Трампад тодорхой давуу тал авчирсан

Трамп Шитэй найрсаг харилцаатай байснаар зарим бэлгэдлийн шинжтэй үр дүнд хүрснээ онцолж буй. Ши Жиньпин өмнөх Ерөнхийлөгч Жо Байдентай олон улсын дээд хэмжээний уулзалтуудын үеэр гурван удаа уулзаж байсан бол Трамп, Ши нар харилцан төрийн айлчлал хийх түвшинд хүрсэн нь дэлхийн хоёр том эдийн засгийн удирдагчид хоорондоо харилцахад бэлэн буйг харуулж байгаа юм.

АНУ-ын Хүн амын тооллогын товчооны мэдээллээр, Хятадтай хийсэн барааны худалдааны алдагдал 2025 оны мөн үетэй харьцуулахад буурсан байна. Гэхдээ Трампын засаг захиргаа Хятад улс тарифын дарамтаас зайлсхийхийн тулд бараагаа Вьетнам зэрэг бусад орноор дамжуулан экспортолж байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Үүний зэрэгцээ Трампын Хятадын эсрэг үргэлжлүүлэн хэрэгжүүлж буй тариф тус улсын үйлдвэрлэлийн салбарын өсөлтийг зогсоож чадсангүй. Хятад улс шинэ зах зээлүүдийг нээж, бусад аж үйлдвэрийн орнуудын өрсөлдөөнийг шахсаар байгаа аж.

Өнгөрсөн онд Хятад улс дэлхийн хэмжээнд 1.2 их наяд ам.долларын худалдааны илүүдэлтэй байсан бөгөөд хямд үнэтэй цахилгаан автомашинууд нь Герман, Япон, Өмнөд Солонгосын автомашины салбарт дарамт учруулсаар буй юм байна.

Ши Жиньпиний айлчлал бодит үр дүн авчрах эсэх нь тодорхойгүй

Хятад, АНУ хоёр худалдааны түр эвлэрлээ ашиглан дараагийн алхмууддаа бэлтгэж байгаа аж. Хятад улс дэвшилтэт компьютерийн чипийн хүртээмж хязгаарлагдмал хэвээр байгаа ч цэргийн болон хиймэл оюун ухааны чадавхаа нэмэгдүүлсээр байна.

Харин Трампын засаг захиргаа ховор металлын нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр түншлэлүүд байгуулахыг зорьж байгаа аж.

Трамп мөн хиймэл оюун ухааны хөгжлийг эрчимжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч буй. Тэрбээр хиймэл оюун ухааны хөгжлийг удаашруулж буй аливаа алхам нь Хятадад давуу тал олгож байна гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Гэвч Хятадын хиймэл оюун ухааны компаниуд АНУ-ын загваруудыг ашиглан өөрсдийн системээ сургаж байгаа гэх шүүмжлэл ч гарч байгаа билээ.

Ихэвчлэн төрийн айлчлалын үеэр худалдаа, бодлогын тодорхой “үр дүн” буюу тохиролцоо зарлагддаг. Харин энэ удаагийн Ши Жиньпиний айлчлалаар ямар тодорхой тохиролцоонд хүрэх нь одоогийн байдлаар тодорхойгүй байгаа аж.

Жоржтауны их сургуулийн профессор Эван Медейросын үзэж буйгаар, энэ удаагийн уулзалтын гол үр дүн нь тодорхой бодлогын зорилтоос илүүтэйгээр хоёр улсын удирдагчдын харилцааг тогтвортой байлгах явдал байж болох нь.

Тэрбээр Трамп Ши Жиньпинтэй хувийн харилцаа тогтоохыг чухалчилж байгаа нь АНУ Хятадтай өрсөлдөх шаардлагатай энэ үед стратегийн хувьд анхаарах асуудал дагуулж болзошгүй гэж үзжээ.

Эх сурвалж: USA TODAY, MYNORTHWEST