ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров есдүгээр сарын 23-ны лхагва гарагт Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр "Орос улс Украинтай ямар ч хэлбэрээр хэлэлцээ хийхийн тулд “түр завсарлага” авахгүй" гэж мэдэгджээ.

Лавров “Европ үүнийг л хүсэж байгаа. Тэдний зорилго нь тодорхой - Киевийн дэглэмийн шавхагдсан цэргийн зэвсэглэл, нөөцийг нөхөн бүрдүүлэхийн тулд амьсгаа авах хугацаа олж авах явдал” хэмээн хэлснийг ОХУ-ын Гадаад хэргийн яам иш татсан байна.

Оросын сайдын хэлснээр, Орос улс “тогтвортой, шударга энх тайван”-д хүрэхийн тулд хэлэлцээ хийхэд бэлэн байгаа аж.

Лавров Рубиотой уулзжээ

Үүний зэрэгцээ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Нью-Йорк хотод болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр Вашингтон гал зогсоох тохиролцоонд хүрэхийн төлөө бүтээлч үүрэг гүйцэтгэхэд бэлэн болохоо дахин мэдэгджээ.

Лавров үг хэлэхийнхээ өмнө Рубиотой уулзсан бөгөөд тэдний хэлэлцээ ойролцоогоор нэг цаг үргэлжилсэн гэж “Интерфакс” агентлаг мэдээлсэн байна. Энэ нь хоёр улсын Гадаад хэргийн байгууллагын тэргүүнүүдийн 2025 оноос хойшхи тав дахь уулзалт болжээ.

АНУ Путиныг Майамид болох G20-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ

Өмнө нь Рубио "АНУ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг арванхоёрдугаар сард Майами хотод болох G20-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохыг урьсан" гэж мэдээлсэн.

Рубио “Асуудлыг шийдвэрлэхийн тулд санал зөрөлдөөн, тодорхой зөрчилдөөнтэй байгаа хүмүүстэй уулзах хэрэгтэй. Тиймээс бид Ерөнхийлөгч Путиныг G20-ийн дээд хэмжээний уулзалтад урьсан” гэжээ.

Мөн Рубио "Майамид болох дээд хэмжээний уулзалт нь ОХУ-ын Ерөнхийлөгчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон дэлхийн бусад удирдагчидтай уулзах боломж олгоно" гэж хэлсэн байна. 

Рубио “Тэр урилгыг маань хүлээн авна гэж найдаж байна” хэмээн нэмж хэлжээ.

Эх сурвалж: DW