Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский есдүгээр сарын 23-ны лхагва гарагт Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдааны үеэр "ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин бол “өвчний тархалтын эхлэл болсон хүн” бөгөөд түүнээс дайны үзэл санаа дэлхий даяар тархаж байна" гэж мэдэгджээ.
Түүний хэлснээр, дайны тухай энэ үзэл санаа хаашаа ч тархсан, “зөвхөн зовлон шаналал, тогтворгүй байдал, шинэ эрсдэл, мэдээж шинэ хямралуудыг авчирдаг” аж.
Украины төрийн тэргүүн “Путинд үйл ажиллагаа явуулах боломж олгохгүй байх, энэ муу үзэгдлийг цааш түгээх боломжийг нь хаах хэрэгтэй” гэж онцолсон байна.
Киев ОХУ-ын эрчим хүчний системд цохилт өгөхийг анхааруулав
Зеленскийн хэлснээр, Оросын түүхэнд анх удаа тус улсын “бахархал” болсон газрын тосны салбар “сүүлчийн хүчээрээ” ажиллаж байгаа аж.
Украины удирдагч “НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн бөгөөд газрын тосны экспортоороо маш их бахархдаг улс орны хувьд үүнээс илүү доромжлолтой ялагдлыг төсөөлөхөд бэрх” гэж хэлжээ.
Гэхдээ Зеленский "Украины зорилго нь газрын тос өөрөө ч биш, бензин, дизель түлш, үйлдвэрүүд, боомтууд ч биш" гэж онцолсон байна.
Тэр “Бидний зорилго бол Орос улсын энэ дайныг санхүүжүүлэх, дайныг сунжруулах чадварыг нь хязгаарлах явдал” гэж тодотгожээ.
Үүний зэрэгцээ Зеленский "Орос улс Украины эрчим хүчний систем болон дулаан хангамжийн байгууламжуудад халдсаар байвал Киев хариу арга хэмжээ авахыг оролдоно" гэж мэдэгдсэн байна.
Тэрбээр үүнийг өвлийн улиралд Оросын талын хэлдгээр “генерал Мороз” буюу өвлийн хүйтэн “нөгөө талд шилжихээр” болгоно хэмээн ёгтлон хэлсэн байна. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын эрчим хүчний дэд бүтцэд хариу цохилт өгөх боломжтой талаар хэлжээ.
“Путин нэг километр тутамд 248 хүний амь төлж байна”
Зеленский мөн "Нэгдүгээр сараас наймдугаар сар хүртэлх хугацаанд Украины фронтод Оросын Зэвсэгт хүчний 248,964 хүн хохирсон" гэж мэдэгджээ.
Украины Ерөнхийлөгч “Путин нэг километр тутамд 248 хүний амь төлж байна. Түүнийг одоо ч гэсэн ухаалаг хүн гэж үзэж байгаа хүн байна уу?” хэмээн асуужээ.
Түүнчлэн Зеленский "Оросын армийн талд өөр 47 улсын иргэд байлдаж байгаа бөгөөд тэдгээр хүмүүс мөн фронтод амь үрэгдэж байна" гэж хэлсэн байна.
Түүний анхааруулснаар, ирэх онд байлдааны талбар дээрх шийдвэрүүдийг зөвхөн хүмүүс бус, хиймэл оюун ухаан гаргаж эхлэх бодит боломж бий аж.
Украины удирдагч “Бидэнд энэ цэгт хүрэхээс өмнө энх тайван хэрэгтэй” гэж онцолжээ.
Лавров: Дайнд завсарлага хэрэггүй
AFP агентлагийн хийсэн дүн шинжилгээгээр, есдүгээр сарын эхний 18 хоногт Оросын талаас өгсөн цохилтын тоо Украины дайн эхэлснээс хойшхи бүтэн нэг сарын хугацаанд бүртгэгдсэн хэмжээнээс хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. Үүнд зөвхөн 2022 оны гуравдугаар сар л үл хамаарах тохиолдол болжээ.
Үүний зэрэгцээ ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны үеэр байлдааны ажиллагаанд “завсарлага” гарахыг хүлээх хэрэггүй гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: DW