Италийн цагдаа Неаполь хотын ойролцоох Кайвано хотын нэгэн орон сууцанд хийсэн нэгжлэгийн үеэр 3.2 сая евро буюу 3.6 сая ам.доллар бэлнээр нуусан байсныг илрүүлж, 34 хүнийг баривчилжээ.
Неаполийн Карабинерийн мэдээлснээр, мөнгийг 50 еврогийн дэвсгэртээр боодоллон, шал болон ханын хавтангийн доогуур, мөн хувцасны шүүгээний нууц шургуулгад нуусан байсан аж. Цагдаа нар мөнгийг хуванцар хувингаар зөөж, хуягт машинд ачиж авч явсан байна.
Нэгжлэгээр үүнээс гадна 11 ширхэг тансаг зэрэглэлийн Rolex цаг, галт зэвсэг, хар тамхи борлуулахад ашигладаг хэрэгслүүд илэрчээ.
Энэ ажиллагааг Неаполийн мафийн эсрэг прокурор Никола Граттери удирдсан бөгөөд хэдэн сарын турш үргэлжилсэн мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нэгжлэг хийсэн байна. Түүний хэлснээр, цагдаа нар шоронд хоригдож буй мафийн бүлгийн гишүүдийн гар утасны яриаг чагнасан аж. Тэдгээр утсыг хамаатан садан нь нууцаар шорон руу оруулсан байжээ.
Граттери сэтгүүлчдэд “Зөвхөн нэг орон сууцнаас 3.2 сая евро бэлэн мөнгө болон үнэтэй цагууд хураасан нь энэ ажиллагаа хэр өргөн хүрээтэй байсныг харуулж байна” хэмээн хэлсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд мэдээлэл өгсөн зарим хүмүүсийг хамгаалалтад авах нөхцөлтэйгөөр гэрчээр оролцуулсан бөгөөд тэдний мэдээлэл ажиллагааг явуулахад тус болжээ.
Баривчлагдсан 34 хүнийг мафийн шинжтэй гэмт хэргийн бүлэглэлд нэгдэх, хар тамхи хууль бусаар худалдаалах, бусдыг дарамтлан мөнгө нэхэх, хар тамхи худалдаалах зорилгоор хадгалсан зэрэг хэрэгт сэжиглэж байгаа аж.
Тэднийг Кайвано хотод үйл ажиллагаагаа явуулдаг Анжелино овгийн мафийн бүлэглэлтэй холбоотой гэж үзэж буй юм байна. Граттерийн мэдээлснээр тус бүлэглэл орон нутагт хүчтэй нөлөө тогтоосны улмаас өнгөрсөн онд Кайваногийн захиргааг шүүхийн хяналтад шилжүүлж байжээ.
Кайвано нь 2023 онд Италийн Ерөнхий сайд Жоржа Мелонигийн засгийн газрын эхлүүлсэн гэмт хэрэгтэй тэмцэх, хотын орчныг сэргээх “Кайваногийн загвар” хөтөлбөрийн гол цэг болсон байна.
Энэ удаагийн баривчилгааны дараа сөрөг хүчний зарим улстөрч уг ажиллагааг хөтөлбөрийн үр дүн хангалтгүй байгааг харуулсан гэж шүүмжилжээ.
Хураан авсан 3.2 сая евро Италийн “Шударга ёсны сан”-д шилжих аж. Тус сан нь зохион байгуулалттай гэмт хэргийн хохирогчдыг дэмжихэд зориулагддаг байна.
Граттери харин мөнгөний тодорхой хэсгийг мөрдөн шалгах ажиллагаанд ашигладаг утас чагнах төхөөрөмжийн зардалд зарцуулах хэрэгтэй хэмээн хошигножээ.
Эх сурвалж: CNN