Хойд Солонгосын цөмийн туршилтыг судалдаг АНУ-ын мэргэжилтэн Хятадад 2024 оны сүүлээс хойш хоригдож байгаа бөгөөд түүний эхнэрийн мэдээлснээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногт Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзахдаа нөхрийг нь суллахыг хүсэхээр болжээ.

Нөхөр Юйлинь Чэнь нь Хятадад төрсөн, АНУ-ын иргэн бөгөөд түүний хийсэн судалгаанууд олон нийтэд нээлттэй хэвлэгдсэн, хүн бүр ашиглах боломжтой мэдээлэлд тулгуурласан, мөн Хятадын эрдэмтэдтэй хамтран хэрэгжүүлсэн ажлууд байжээ. Гэсэн ч Бээжин түүнийг зохиомол тагнуулын хэрэгт буруутган, шүүхээр бэлтгэж байна гэж эхнэр Юйфан Жун нь болгоомжилж байгаа аж.

Жун мягмар гарагт Цагаан ордонд Төрийн департамент болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албаныхантай уулзах үеэр Трамп Ши Жиньпинтэй уулзахдаа нөхрийг нь суллах асуудлыг хөндөнө гэдгийг сонссон байна.

Өдгөө 54 настай Чэнь нь АНУ-ын Засгийн газрын гэрээгээр ажилладаг байгууллагад сейсмологич (газар хөдлөл судлаач)-оор ажилладаг бөгөөд АНУ-ын Засгийн газар түүнийг Хятадад “хууль бусаар хоригдож байгаа” гэж тодорхойлсон хоёр иргэний нэг бол нөгөө нь зургаадугаар сард баривчлагдсан эрдэмтэн Минь Зинь аж.

Трамп өнгөрсөн тавдугаар сард Бээжинд айлчлах үеэрээ Чэний асуудлыг Ши Жиньпинтэй ярьсан боловч ямар нэгэн үр дүн гараагүй гэж Жун хэлжээ.

АНУ-ын өндөр албан тушаалтан нэрээ нууцлах нөхцөлтэйгөөр “АНУ-ын иргэдийг хууль бусаар хоригдсон гэх асуудлыг шийдвэрлэх нь Ерөнхийлөгчийн хувьд ямагт нэн тэргүүний зорилт байдаг” хэмээн мэдэгдсэн байна.

Харин Хятадын Гадаад хэргийн яам өнгөрсөн долдугаар сард тус улсын шүүх байгууллагууд хэргийг хуулийн дагуу шийдвэрлэдэг бөгөөд “хууль бусаар хориогүй” гэж мэдэгдэж байжээ.

Цөмийн туршилтыг илрүүлэх судалгаа хийдэг байжээ

Reuters агентлаг Чэнийн хоригдож байгаа талаар өнгөрсөн долдугаар сард анх мэдээлсэн байна. Тэрбээр Хойд Солонгосын газар доорх цөмийн туршилтын үед үүсэх чичирхийлэл, долгионыг илрүүлэх чиглэлээр ажилладаг бөгөөд судалгааны ажлыг нь АНУ-ын Төрийн департамент болон Агаарын цэргийн хүчний Судалгааны лаборатори санхүүжүүлдэг байжээ.

Чэнь 2011 онд АНУ-ын иргэн болж, Бостоны орчимд суурьшсан байна. Түүнийг 2024 оны арваннэгдүгээр сарын 5-нд Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудалд гэр бүлийнхэнтэйгээ уулзаж, хоёр их сургуульд лекц уншаад, эх орон руугаа буцахаар бэлтгэж байх үед нь Хятадын төрийн аюулгүй байдлын албанаас баривчилжээ. Эхнэрийнх нь хэлснээр, Чэнийг 100 гаруй удаа байцаасан байна.

Жун Хятад улс нөхрийнх нь мэргэжлийн мэдлэгийг ашиглан цөмийн туршилтыг далдлах чадвараа сайжруулахыг зорьж байгаа байж магадгүй гэж үзжээ. Тухайлбал, газар доорх том хөндийд төхөөрөмж дэлбэлж, үүсэх чичирхийллийн хэмжээг багасгах “decoupling” хэмээх арга байдаг аж.

АНУ 2020 оны зургадугаар сарын 22-нд Хятад улс бага хүчин чадалтай цөмийн туршилтаа нуухын тулд ийм арга ашигласан байж болзошгүй гэж буруутгаж байсан. Харин Хятад улс цөмийн туршилт хийсэн гэдгийг үгүйсгэсэн байна.

“Хүчтэй байгаарай”

Жунгийн мэдээлснээр, АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд Чэньтэй сард нэг удаа, ойролцоогоор 30 минут уулзах зөвшөөрөл авдаг ч уулзалтад үргэлж Хятадын албаныхан байлцдаг байна. Тэд Жунгийн нөхөртөө бичсэн захидлыг уншиж өгдөг, Чэнь хариу захидлаа тэдэнд хэлж өгдөг аж.

Жун “Тэд түүний гадаад төрх, сэтгэл санааны байдал болон ажигласан бүх зүйлийг тэмдэглэдэг” гэж ярьжээ. Мөн нөхрийнх нь хятад өмгөөлөгч түүнтэй уулзалтын талаар ярилцахыг зөвшөөрдөггүй гэжээ.

Жун нөхрийнхөө хоригдож буй нөхцөлд ихээхэн санаа зовниж байгаа аж. Түүний хэлснээр, Чэнь шаардлага хангаагүй эмнэлгийн тусламж, хоол хүнс авч, цусны даралт нь ихэсдэг, чихрийн шижин өвчтэй юм байна.

Хэрэв нөхөртэйгөө уулзах боломж олдвол түүнд юу гэж хэлэх вэ гэсэн асуултад Жун “Хүчтэй байгаарай. Өөдрөг байгаарай. Чамд тусалж байгаа олон хүн бий. Чи заавал буцаж ирнэ” хэмээн хариулжээ.

Эх сурвалж: REUTERS