НҮБ-ын Ерөнхий ассамблейн ээлжит чуулган Нью-Йорк хотноо эхлэхийн өмнө Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган тус байгууллагын удирдлагын тогтолцоонд эрс шинэчлэл хийхийг уриалжээ.
Эрдоган Bloomberg-т нийтлүүлсэн нийтлэлдээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөл одоо ч Дэлхийн II дайны дараа бүрэлдсэн бүтэцтэй хэвээр байгааг онцлоод, улс орнуудын төлөөллийг илүү шударга, үр дүнтэй, хариуцлагатай болгох шаардлагатай гэж мэдэгдсэн байна.
Түүний үзэж буйгаар, Аюулгүйн зөвлөлийн аль нэг гишүүн олонхийн дэмжсэн шийдвэрийг дангаараа хаах боломжтой байх ёсгүй. Иймээс хориг тавих эрхийг цуцалж, байнгын гишүүнчлэлийг халж, Аюулгүйн зөвлөлийн гишүүдийг Ерөнхий ассамблейгаас тодорхой хугацаагаар ээлжлэн сонгодог тогтолцоог бий болгохыг санал болгожээ.
Одоогийн байдлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн нь Их Британи, Хятад, ОХУ, АНУ, Франц бөгөөд эдгээр улс хориг тавих эрхтэй.
Эрдоган “Дэлхий таван улсаас том” гэсэн Туркийн байр суурийг дахин дэвшүүлж, дэлхийн болон бүс нутгийн асуудлыг шийдвэрлэхэд олон бүс нутгийн улс орны туршлага, боломж, оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай гэжээ.
Түүний хэлснээр, сүүлийн жилүүдийн цар тахал, эрчим хүчний хямрал, нийлүүлэлтийн сүлжээний доголдол болон бүс нутгийн мөргөлдөөнүүд нь дэлхийн хямрал цөөн хэдэн улсын шийдвэрээс хамаардаг өнөөгийн тогтолцоо орчин үеийн бодит байдалтай нийцэхгүй болсныг харуулсан байна.
Эрдоган “Өнгөрсөн үеийн шаталсан тогтолцоог хадгалсаар ирээдүйн олон улсын дэг журмыг бий болгож чадахгүй” гэж онцолжээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл нийт 15 гишүүнтэй. Үүнээс тав нь байнгын, үлдсэн 10 гишүүнийг Ерөнхий ассамблей хоёр жилийн хугацаагаар сонгодог. Байнгын таван гишүүний аль нэг нь хориг тавьсан тохиолдолд тогтоол батлагдах боломжгүй байдаг байна.
Эрдоганы энэхүү санал НҮБ-ын шинэчлэлийн талаар олон жил үргэлжилж буй маргаантай холбоотой аж. 2024 онд Ерөнхий ассамблей НҮБ-ын тогтолцоог шинэчлэх төлөвлөгөөг дэмжсэн боловч түүнээс хойш Аюулгүйн зөвлөлийн бүтэц, хориг эрхийн асуудлаар дорвитой өөрчлөлт гараагүй байна.
Эх сурвалж: THE MOSCOW TIMES